ДУНДГОВЬ: Ундны ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-10 12:04:47
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооноос аймгийн ЗДТГ-тай хамтрын 15 сумын ундны ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтыг энэ сарын 8-9-нд зохион байгуулав.


Сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, БОАЖГ болон холбогдох бусад байгууллагын мэргэжилтэн, 15 сумын ЗДТГ-ын дарга, Эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургуулийн удирдлага, байгаль орчны мэргэжилтэн 90 гаруй хүн оролцжээ.


Гэр хорооллын ариун цэврийн байгууламж, ундны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах нь хүн амын дундах халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах, эрүүл амьдрах нөхцөл болдог. Түүнийг сайжруулахын тулд ундны ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага байгааг Монгол Улсын үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны мастер, зөвлөх инженер Б.Пүрэвжав онцолж, сургалтын дараа төлөвлөгөөгөө боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардалгүй иргэдийн оролцоо, дэмжлэгт тулгууран энэ ажлыг эхлүүлэх боломжтой гэдгийг тодотголоо.


Тус сургалтаар оролцогчид сум болон байгууллагынхаа ус, ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, багаар ажиллан ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах арга зүйд суралцжээ.


2022 онд тус аймгийн 15 суманд ундны усны чанар, аюулгүй байдалд судалгаа хийж, судалгааны дүнг сумдад хүргүүлсэн боловч сумдын ЗДТГ-аас дорвитой ажил зохион байгуулаагүй байгааг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир тэмдэглэж, энэ нь холбогдох мэргэжилтэн, ажлыг зохион байгуулах албан тушаалтнуудын ойлголт тааруу байгаатай холбоотой гэж мэдэгдсэн.


Аймгийн болон 15 сумын "Ундны ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө" боловсруулах ажлын багийг шинээр томилж, ирэх 6 дугаар сарын 1 гэхэд төлөвлөгөөтэй болон хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг тэрбээр мөн тодотголоо. 






Холбоотой мэдээ