СЭЛЭНГЭ: Үе тэнгийнхнийхээ тулгамдсан асуудлыг шийдэхэд сургагч багш тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-10 11:16:24

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Үе тэнгийн сургагч” багшаар бэлтгэгдсэн хүүхдүүд сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ өөрийн сурч буй сургуулийн 6-12 дугаар ангийн сурагч хүүхдүүдэд түгээж, тэдэнд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэхэд нь туслах юм.  

 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран өсвөр үе ба бэлгийн цогц боловсрол олгох үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг Сүхбаатар суманд зохион байгуулж байна.

 

Гурван өдрийн турш үргэлжлэх сургалтад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 9-11 дүгээр ангийн 29 сурагч, 7 багш хамрагдаж байна.

 

Сургалтын сургагч багшаар “Хамтдаа” ТББ-ын тэргүүн, нийгмийн ажилтан-сэтгэл зүйч, нийгмийн ажлын магистр, сэтгэл судлалын докторант, Бэлгийн цогц боловсролын үндэсний эксперт эрэгтэйчүүдийн нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төвийн зохицуулагч Ш.Галбадрах ажиллаж байгаа.

 

Тэрбээр, “Энэхүү бэлгийн цогц ойлголтыг олгож байгаагийн үндсэн гол зорилго бол 1-рт хүүхдүүдэд үнэн зөв мэдлэг олгох, 2-рт хүүхдүүдэд өөрийгөө хамгаалах, үгүй гэж хэлж чадах чадамжуудыг эзэмшүүлэх, 3-рт хүүхдүүдийн дунд байгаа буруу хандлага, ойлголтыг өөрчлөх, 4-рт хүн бүхэн өөрийнхөө амьдралд өөрийн гэсэн үнэт зүйлтэй болох.

 

Энэ үнэт зүйлийн баримжааллаар нийгэмдээ хүний эрхийг хүндэтгэдэг, хүнийг хайрладаг, хүндэлдэг. Өөрийнхөө эрхээ дээдэлж, бусдын эрх чөлөөнд хүрдэггүй байхад сургалтын үндсэн агуулга чиглэж байна.

 

Бид сургалтад оролцож байгаа хүүхдүүдэд гэрчилгээ олгоно. Сургалтаар бэлтгэгдсэн хүүхдүүдээ энд оролцож байгаа багш нар цааш нь сургуулийн удирдлагуудад танилцуулаад, сургалтын дараа гаргасан төлөвлөгөөг эцэслэн баталж, энэ ажлыг хийхэд нь мэргэжилтнүүд туслаад дэмжээд явах нь маш чухал” хэмээн ярилаа.   

Холбоотой мэдээ