ӨВӨРХАНГАЙ: “Үсэглэгч зөгий” тэмцээнийг аймагт анх удаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-10 15:17:59

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн БШУГ, Энхтайвны корпусын ажилтнууд хамтран “Үсэглэгч зөгий” тэмцээнийг анх удаа зохион байгуулна.


Хүүхдүүдийн англи хэл сурах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, мэдлэгийн түвшнийг дээшлүүлэх, өөртөө итгэлтэй ярьж сургах зорилготой тус тэмцээнд ЕБС-ийн 7-12 дугаар анги, Политехникийн коллежийн сурагчид оролцож, мэдлэгээрээ өрсөлдөнө. Тэмцээний багийн болон финалын шалгаруулалт 4 дүгээр сарын 27-нд болох юм. “Үсэглэгч зөгий” тэмцээнд оролцохын тулд англи үгсийг зөв үсэглэлийн дагуу цээжлэх бөгөөд хурдан хугацаанд үсэглэсэн оролцогч ялагчаар тодордог байна. Энэ тэмцээн нь 1800-аад оны үед АНУ-д өргөн дэлгэрч байжээ.



Тэмцээнийг санаачлагч М.Гэрэлсүрэн хэлэхдээ, “Би Арвайхээр сумын 2 дугаар сургуулийг 2009 онд төгссөн. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж байсан болохоор англи хэл сурах нь маш чухал гэх ойлголтыг ер нь авч байгаагүй. Тийм болохоор ахлах ангийн сурагчдад энэ зурвасыг өгөх үүднээс тэмцээнийг санаачилсан” гэлээ. Тэрбээр одоо англи, хятад, герман хэлтэй бөгөөд аймгийн БОЭТ-ийн гадаад харилцааг хариуцан ажиллаж, Энхтайвны корпусын ажилтан Жон Хантэртэй хамтран байгууллагынхаа ажилчдад долоо хоногт хоёр удаа англи хэлний сургалт явуулж байна. 

Холбоотой мэдээ