Мозамбикт завь живсний улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-08 10:47:54

МАПУТУ, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /AFP/. Мозамбикийн хойд эргийн ойролцоо олон хүн суусан гатлага онгоц живсний улмаас 90 гаруй хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдэгджээ.


Гатлага онгоц болгож өөрчилсөн загас агнуурын завиар 130 орчим хүнийг тээвэрлэн Нампула мужаас нэгэн арал руу явж байх үед уг завь осолдсон тухай албаны хүмүүс мэдээлсэн байна.


Нампула мужийн нарийн бичгийн дарга Хайме Нетогийн мэдээлснээр, зорчигч тээвэрлэхэд тохиромжгүй онгоцон дээр хэт олон хүн суусан байсан бөгөөд 91 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дунд олон хүүхэд байсан гэж тэрбээр нэмж хэллээ.


Аврагчид таван хүнийг авраад байгаа бөгөөд үлдсэн хүмүүсийг хайж байгаа боловч далай дээрх нөхцөл байдал нь эрэн хайх ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байна. Ихэнх зорчигч нь холерын тухай ташаа мэдээ сонсоод айж сандран эх газраас дүрвэсэн гэж Х.Нето хэлжээ.


Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг болох Мозамбикт өнгөрсөн 10 дугаар сараас хойш усаар дамждаг холер өвчний 15 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 32 хүн нас барсныг засгийн газрын мэдээлэлд дурдсан байна. Нампулад уг өвчин хамгийн их тархсан бөгөөд нийт тохиолдлын гуравны нэгийг эзэлж байна. Завь осолдсон шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах багийнхан ажиллаж байна.



Холбоотой мэдээ