Х.Эрболд: Дорнод аймгийн ХХААГ цахим хуудсаа хос бичгээр хөтөлж эхэлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-09 17:24:58

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар БШУГ-ын Монгол хэл бичгийн арга зүйч Х.Эрболдоос тодрууллаа.


-Дорнод аймгийн Хэлний бодлогын зөвлөл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Манай Хэлний бодлогын зөвлөл 2018 онд 11 хүний бүрэлдэхүүнтэй батлагдан ажиллаж байгаа. 


-Хойтон жилээс төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхлэхтэй холбоотойгоор ямар ажил өрнүүлж байна?

-Монгол бичгийг цахим хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Хэрлэн сумын 12 дугаар сургуультай хамтарч, цахим бичвэрийн уралдаан, Хэрлэн сумын Хэлний бодлогын зөвлөлтэй хамтарч 1 дүгээр сургууль дээр “Үндэсний бичиг-бидний бахархал” сэдэвт уралдааныг уламжлал болгон явуулж байна. Дээрх тэмцээн уралдаанд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Мөн хүүхдүүд гэр бүлийн хүрээнд үндэсний бичгээ хэрхэн сурч байгаа тухай туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор контент бүтээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна. Тодруулбал, 330 гаруй гэр бүл энэ контентод оролцсон. Үндэсний бичгийн 20 цуврал хичээл бүтээж, үзэгчдийн хүртээл болгоод байна.


-Монгол бичгийн мэдлэг олгох сургалтад төрийн хэчнээн алба хаагчийг хамруулав?

-Аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол бичгээ суръя” төслийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд жил бүр төрийн албан хаагчдад сургалт хийж, цахим орчинд нөлөөллийн ажил зохион байгуулдаг. СӨБ-ын болон ЕБС-ийн монгол хэлний багш нартай хамтарч сургалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар 21 багш 711 алба хаагчид монгол бичгийн анхан болон дунд шатны сургалтыг хийсэн. Үүнтэй уялдуулаад “Түгээн дэлгэрүүлэгч багш”-ийг шалгаруулж байна. Хамгийн олон үг унших байгууллагыг шалгаруулахад Татварын хэлтэс тэргүүлсэн зэрэг төрийн алба руу чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа.


-Жил хүрэхгүйн дараа төрийн алба хос бичигт шилжих нь. Тэгэхээр үүний бэлтгэлийг хангахад тулгамдаж байгаа асуудал бий юу?

-Төрийн алба монгол бичигт шилжих бэлэн байдлыг тодорхойлох 2021 оны судалгаагаар манай аймаг 52.8 хувьтай дүгнэгдсэн. Одоо үндэсний хэмжээнд энэ судалгааг явуулж байна. Өнөөдрийг хүртэл ажилласан үр дүн маань гарах байх гэж найдаж байгаа. Тулгамдаж байгаа асуудал гэвэл байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, хос бичгийг албан хэрэглээнд нэвтрүүлэхэд Архивын хэлтэс, Стандарт, хэмжилт зүйн хэлтэс, Соёлын газар идэвхийлэн хамтарч ажиллавал дөхөм болох болов уу гэж бодож байна.


-Дорнод аймаг монгол бичгийн хэчнээн багштай вэ?

-Аймгийн хэмжээнд монгол хэл бичгийн 90-ээд багш бий.  


-Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, бусдыгаа түүчээлж байгаа сумдыг нэрлэвэл?

-Багш бүр тухайн сум, орон нутагтаа үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Аймгийн хэмжээний бүх ЕБС энэ тал дээр нөөц боломжийн хэмжээнд идэвхийлэн ажилладаг гэдгийг онцолмоор байна. Үлгэр дуурайлал авахуйц гэвэл Хөлөнбуйр сумыг нэрлэнэ. Тус сум “Монгол бичгээ суръя” төслийн хүрээнд зохион байгуулсан “Үндэсний өв” тэмцээнд жил дараалан түрүүлсэн. Эцэг эхчүүд, төрийн алба хаагчид, сурагчдадаа үндэсний бичгээ заах, сурталчлах ажлыг идэвхтэй явуулдаг. Мөн Баяндун, Цагаан-Овоо сумын удирдлага, багш нар энэ тал дээр онцгой анхаардаг. Энэ жил аймгийн ХХААГ цахим хуудсаа хос бичгээр хөтөлж эхэлсэн. Бусад байгууллага энэ хэлбэрт шилжвэл тун зүйтэй ажил болно.


-Төрийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтнуудын монгол бичгийн чадвар ямар түвшинд байна вэ?

-Ирсэн, илгээсэн бичиг тухайн байгууллагын бичиг хэргийн ажилтнаар дамждаг шүү дээ. Тиймээс төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж явуулах бичиг хэргийн ажилтнууд л хамгийн сайн сурч боловсорсон байх ёстой. Ноднин Архивын газартай хамтарч бичиг хэргийн 65 ажилтанд сургалт явуулсан. Цаашид ийм сургалтыг жилд хэд хэдэн удаагийн давтамжтай явуулж, эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Холбоотой мэдээ