ЗАВХАН: Төрийн албаны ерөнхий шалгалтад 132 иргэн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-13 14:07:21

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн албаны ерөнхий шалгалтад 132 иргэн оролцож байна. Энэ нь Завхан аймгийн төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 13 дахь удаагийн шалгалт юм.


Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон.


Төрийн албаны шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа зохион байгуулдаг болсон нь иргэдэд маш их боломжийг олгосон.


Тухайн жилд аль нэг улиралд бүртгүүлсэн иргэд шалгалтдаа оролцох боломжтой юм. Улирал бүр зохион байгуулснаас хойш нэг удаагийн шалгалтад 130-150 орчим хүн оролцдог болсон байна. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа юм. Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч мөн нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолсон юм.



Мөн төрийн албаны шалгалтын бүртгэлийг орон даяар зарлаж, бүртгэлийг нэг сарын турш цахим хуудсаар дамжуулан хүлээн авсан. Тиймээс төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилго бүхий шалгалтад оролцож буй иргэд цаг барих, шалгалтын бэлтгэлийг хангах, хууль тогтоомжуудыг сайтар судлах шаардлагатай байна гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.


Улсын хэмжээнд 2023 онд нийт 16085 иргэн ерөнхий шалгалтад оролцож 5212 буюу 41.1 хувь нь тэнцсэн. Энэ нь өмнөх жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт аж.


Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үеэр салбар зөвлөлд туслах чиг үүрэг бүхий ажлын баг хамтран журмын дагуу зохион байгуулалт сайтай эхэлжээ. Шалгалтад орж буй иргэд хурууны хээгээр бүртгэлээ баталгаажуулж, шалгалт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.


Мөн шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд хянах боломжийг бүрдүүлж, Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт хяналтын дэлгэц байрлуулсан байна. Ташрамд, төрийн албаны шалгалтад тэнцсэн байдлаар Завхан аймаг улсын дунджаас дээгүүр байр эзэлдэг байна.  

 

Холбоотой мэдээ