ЗАВХАН: 2003 оноос хойш эмэгтэй хүн амын эзлэх хувь буураагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-07 17:43:32

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн зургаан суманд эмэгтэй хүн амын эзлэх хувь их байна. 


Завхан аймаг 2023 оны жилийн эцэст 21.7 мянган өрхийн 71.8 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеэс хүн амын тоо 2.1 хувиар буурчээ. Нийт хүн амын 50.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн Статистикийн хэлтсийн судалгаа, графикаас харахад 2010 онд Завхан аймгийн нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь их байсан бол 2020 онд хүйсийн харьцаа тэнцвэржжээ.


2023 оны статистикийн судалгаагаар нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэйчүүд болж эмэгтэйчүүдийн эзлэх хувь өссөн байна.


Өнөөдрийн байдлаар Улиастай, Тосонцэнгэл, Шилүүстэй, Завханмандал, Цэцэн-уул, Асгат суманд эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр, бусад суманд эрэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байна.


Баримтаас үзэхэд, 1923 онд тус аймгийн хүн ам 51 мянга байснаас 45.3 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг байжээ. 1993 онд аймгийн нийт хүн ам 102.7 мянга болж, 51 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байв.


2003 онд 76.6 мянган хүн ам тоолж эдгээрийн 51.4 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байв. Үүнээс хойших жил бүрийн хүн амын тооллого, бүртгэл, судалгаанаас харахад эмэгтэй хүн амын эзлэх хувь буураагүй байна.


Ер нь нас, хүйсийн бүтцийн судалгаа нь хүн амын нас, хүйсийн бүтцийн өнөөгийн байдал, түүнээс гарч болох үр дагавар, ирээдүйн төлөвийг тодорхойлоод зогсохгүй цаашид баримтлах бодлого, төлөвлөлтийн үндэс суурь болдог.


Жишээлбэл, хүйсийн бүтцийн судалгааг явуулсны үр дүнд аливаа бодлого, үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй хандах боломж бүрдэнэ.

Мөн залуу насны бүтэцтэй буюу 15 хүртэлх насны хүн амын хувь өндөр байгаа улс орнуудын тухайд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад тусгах хэрэгтэй юм.


Харин хүн ам нь хөгшин насны бүтэцтэй улс орны хувьд, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт болон ажиллах хүчний бууралтын асуудлуудад анхаарах хэрэгтэй болдог. Завхан аймгийн 2023 оны жилийн эцсийн хүн амын суваргыг авч үзвэл 4 хүртэлх насныхан хамгийн их хувьтай байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байгаа нь ажиллах хүчний нөөц хангалттай байгаа үзүүлэлт бөгөөд ажлын байрыг олноор бий болгох шаардлагатайг харуулж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ