ДАРХАН-УУЛ: Монголын анхны 16 давхар барилгын эх загварыг О.Жаргалсайхан зохиожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-07 11:45:23

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хорь гаруй жил Монголын хамгийн анхны өндөр барилга хэмээн алдаршиж, ирсэн зочдын нүдийг булааж зургийн хальснаа мөнхөрч байсан Дархан хотын 16 давхар барилга 1985 онд ашиглалтад оржээ. Уг барилгын эх загварыг тухайн үеийн Дархан хотын ерөнхий архитектор О.Жаргалсайхан 1980 онд бүтээсэн байна. 


Дархан хотын ерөнхий архитектор О.Жаргалсайхан тухайн үеийнхээ ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр дурсан ярихдаа, "1980 оны өвөл миний бие Дархан хотыг 2000 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл хийлгэх асуудлаар ЗСБНХУ-ын Москва хотын Моспроектный институтэд очиж ажиллаж байсан.




Тэр үед Дархан хотод барих Монголын анхны 16 давхар орон сууцны барилгыг ерөнхий төлөвлөгөөнд тусгуулах, улмаар барих асуудал түлхүү яригдсан тул миний бие эх загвар зургийг гаргах шаардлагатай болсон. Тиймээс эх зургийг гараар зурж, Армени улсын барилгын зургийн институтэд илгээн ажлын зураг хийлгэж байсан хэмээн дурсан ярьжээ.




172 айлын 16 давхар орон сууцны барилгын ажлыг тухайн үеийн зөвлөлтийн мэргэжилтнүүд эхлүүлсэн боловч суурь угсралтын ажилд алдаа гарсан тул Армени улсын барилгачид барилга угсралтын ажлыг дахин эхлүүлж, 1983-1985 оны хооронд барьж дуусгажээ.


Уг барилгын онцлогоос дурдвал, гурван тийш харсан жигүүр гарган цацраг хэлбэртэйгээр төлөвлөсөн нь бүх айлд нарны гэрэл тодорхой цагуудад тусах боломжтой.


Түүнчлэн давхар бүрийн айлууд орж, гарах хөдөлгөөнд хэт бөөгнөрөл үүсгэхгүйгээр ачааны болон зорчигчийн тус бүр хоёр цахилгаан шат, онцгой үед ашиглах тусгай хамгаалалт бүхий шаттай юм.


Барилгын дээд давхрыг оршин суугчид болон зочдын ая тухтай амрах, Дархан хотыг бүхэлд нь харж болохуйцаар эргэн тойрон шилэн цонхтой гэгээлэг өрөө, гурван тийш гарах уужим тагттайгаар төлөвлөн хийжээ.

 

Холбоотой мэдээ