АНУ Афганистанаас цэргээ татаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-10 10:46:12

КАБУЛ. /BBC/. АНУ-ын эрх баригчид хэт давруу үзэлт лалын шашинтнуудын “Талибан” хөдөлгөөнтэй байгуулсан найрамдлын гэрээний дагуу Афганистанаас цэргээ татаж эхэллээ.


Эхний үе шатанд Вашингтон Афганистанд байрлуулсан цэргийнхээ тоог одоогийн 13 000-аас 8 600 болгож хорогдуулна гэж амласан бөгөөд энэ нь Доха хотод гэрээнд гарын үсэг зурснаас хойш буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш 135 хоногийн дотор хэрэгжих ёстой байна. Хэрэв талибууд гэрээг дагаж мөрдвөл АНУ-ын цэргүүд 14 сарын дотор Афганистаныг бүрэн орхих ёстой.


“Талибан” хөдөлгөөнтэй гэрээ байгуулахад Афганистаны Засгийн газар оролцоогүй юм.


Гэрээний нэгэн заалт болох талибуудтай шууд хэлэлцээ хийхийн өмнө шоронд хоригдож байгаа тус бүлэглэлийн гишүүдийг суллахгүй гэж Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани урьд нь мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр дор хаяж мянган хоригдлыг суллах зарлигт энэ долоо хоногт гарын үсэг зурж магадгүй гэдгээ даваа гарагт мэдэгдсэн байна.


Хэрэгсэл ба эрх мэдэл

Өнгөрсөн долоо хоногт талибууд Засгийн газрын цэргүүд рүү халдсаны хариуд АНУ агаарын цохилт өгсний дараа найрамдлын гэрээний хувь заяа аюулд орсон юм.


Гэвч даваа гарагт “Талибан” хөдөлгөөн сөргөлдөөнийг зогсоохыг уриалсан бол АНУ цэргээ татаж эхэлснийг Афганистан дахь тус улсын командлалын төлөөлөгч, хурандаа Сонни Леггетт мэдэгдсэн байна. Үүний сацуу, Леггет хэлэхдээ, Афганистан дахь Америкийн оролцоо багассан хэдий ч "бидний даалгаврыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цэргийн бүх хэрэгсэл, эрх мэдэл Вашингтонд урьдын адил хэвээр байгаа" гэдгийг онцлон тэмдэглэжээ.




“Талибан” хөдөлгөөнтэй байгуулсан гэрээний заалтууд:

  • Талибууд гэрээг дагаж мөрдсөн тохиолдолд АНУ-ын тал 14 сарын хугацаанд Афганистанаас цэргээ бүрэн гаргана 
  • Гэрээнд гарын үсэг зурсны дараа Афганистаны Засгийн газар ба Талибан хөдөлгөөний хооронд хэлэлцээ эхлэх ёстой.
  • Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан АНУ болон түүний холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлэх оролдлого хийх боломжийг “Аль-Каида” болон бусад бүлэглэлд олгохгүй байх үүргийг “Талибан” хөдөлгөөн хүлээлээ.
  • Гуравдугаар сарын 10 гэхэд АНУ болон Афганистаны Засгийн газар 5000 олзлогдсон талибуудыг, Талибаны тал Афганы арми, аюулаас хамгаалах хүчний 1000 хүртэлх олзлогдсон албан хаагчийг тус тус суллах ёстой. 
  • Тавдугаар сарын 29 гэхэд “Талибан” хөдөлгөөний гишүүдийн нэрсийг хоригийн жагсаалтаас хасах асуудлаарх хэлэлцээг Афганистаны Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хийж эхлэх бол наймдугаар сарын 27 гэхэд АНУ-ын Засгийн газар талибуудыг хоригийн жагсаалтаасаа гаргана.  

Америкийн цэргүүд Афганистаныг орхиж эхлэхтэй зэрэгцэн найрамдлын гэрээний цаашдын хэрэгжилтэд шинэ саад тотгор гарч ирсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон сонгуулийн дараа шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх хоёр ёслол даваа гарагт нэгэн зэрэг болжээ.


Тангараг өргөх хоёр ёслол ба сонгуулийн хоёр “ялагч”

Ерөнхийлөгчийн сонгуульд Афганистаны одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани багахан саналын зөрүүгээр ялсан гэж тус улсын Сонгуулийн хороо мэдэгдсэн боловч түүний өрсөлдөгч Ерөнхий сайд Абдулла Абдулла мөн ялснаа мэдэгдэж, сонгуулийн дүнг гуйвуулсан гэж Ганигийн дэмжигчдийг буруутгасан байна.



Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Кабулд тангараг өргөх ёслолын үеэр


Ганиг тангаргаа өргөх үеэр ерөнхийлөгчийн ордны ойролцоо хэд хэдэн мина дэлбэрсэн байна. Үүний дараахан Афганистаны Дотоод хэргийн яамнаас өгсөн мэдээллээр, автомашинаас мина харвагчаар дөрвөн сум харважээ. Үүний улмаас цагдаагийн нэг ажилтан шархадсан байна. Халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээжээ.


Хоёр улстөрчийн хоорондох зөрчил Афганистаны сөргөлдөгч талуудын хэлэлцээнд эрх баригчдын байр суурийг өөрчилж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Талуудын хэлэлцээ өнөөдөр эхлэх ёстой юм.



Афганистаны Ерөнхий сайд Абдулла Абдулла (зураг дээр зүүн гар талд) тангараг өргөх ёслолоо хийв


АНУ-ын эрх баригчид сонгуулийн энэ маргаанд Ашраф Ганигийн байр суурийг дэмжсэн бөгөөд “зэрэгцээ Засгийн газар байгуулах” оролдлогыг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.


“Улс орны ирээдүйн төлөө, тэр тусмаа энх тайван тогтоох үйл явцын төлөө Афганистаныг нэгтгэж, улс төрийн тэнцвэртэй Засгийн газар байгуулахыг нэн тэргүүнд чухалчлах хэрэгтэй” гэж АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Майк Помпео даваа гарагт мэдэгдсэн байна.


2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагч Усама бен Ладеныг “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистанд орогнуулж байна гэж үзсэн АНУ болон түүний холбоотнууд мөн оны 10 дугаар сард Кабулд засгийн эрхийг барьж байсан талибуудын эсрэг “Enduring Freedom” /Туйлбартай эрх чөлөө/ цэргийн ажиллагааг явуулж эхэлжээ. 


Уг ажиллагаагаар талибуудыг засгийн эрхнээс зайлуулсан боловч "Талибан" хөдөлгөөн маш нөлөө бүхий цэргийн хүчин хэвээр байсаар ирсэн бөгөөд 2018 он гэхэд Афганистаны нутаг дэвсгэрийн гуравны хоёрт нь идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон байна.


Афганистаны мөргөлдөөний үеэр Америкийн 2400 гаруй цэрэг амиа алджээ.


Холбоотой мэдээ