Гэмтлийн эмч нар тохойнд хиймэл үе суулгах мэс засал хийдэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-10 12:34:30

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гар, сарвууны мэс заслын тасгийн эмч нар дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.


Тодруулбал, тохойн үе, атгаал ясны дутмагшлыг хиймэл үеэр солих хагалгааг хийдэг болсон байна. Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч үйрэн, эргэн сэргэшгүй болсон яс, үенд хиймэл үе бүхий имплант суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээх мэс засал ажээ.


Хагалгаа хийлгэсэн иргэний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж эхэлжээ. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Гар, сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна.




関連ニュース