Зүрх судасны үндэсний төв байгуулахад дэмжлэг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-04-03 13:35:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейландыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.


Элчин сайд Роланд Рейланд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар Улаанбаатарт ирсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох энэхүү уулзалтыг хийсэн юм.

Уулзалтаар Эрүүл  сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа алсын зайн анагаах ухаан, зүрх судасны тусламж үйлчилгээг бэхжүүлэх болон эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл  21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг болон УГТЭ, ЭХЭМҮТ-д хэрэгжиж урт хугацаанд үр дүнгээ өгсөн үр өгөөжтэй үйл ажиллагаа болж буйд талархал илэрхийлэв.


Түүнчлэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, төслийн үндсэн зорилго, зоритоо хадгалж, тэдгээийг улам бататган, тодорхой үр дүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг тусгасан МОН/007 “Монгол Улсын зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин” төслийг 2022 оноос хэрэгжүүлж тодорхой үр дүн гарч байгааг онцлов.


Сайд мөн иргэдийн дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний хоёрдугаарт зүрх судасны өвчин эзэлж буйг нийт хүн амын дунд зохион байгуулж 1,3 сая гаруй хүнийг хамруулаад буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношилгооны дүн харуулж буй тул цаашид зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг эх орондоо өндөр чанартай, хүртээмжтэй хүргэхэд тулгамдаж буй асуудлын нэг нь “Зүрх судасны үндэсний төв” байгуулах гэдгийг танилцуулсан.


Энэхүү төвийг байгуулах техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын 1,5 сая еврогийн дэмжлэгтэйгээр Испани улсын “Идом” компани хийж гүйцэтгэсэн. Энэхүү барилгын ажлыг гүйцэтгэхэд 100 тэрбум, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд 71,9 тэрбум төгрөг төсөв шаардлагатай байгаа юм.

ЭМЯ-наас тус төвийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдүүлэхээр 2024 оны улсын төсөвт санал хүргүүлснээс гадна инженерийн дэд бүтцийн төсөвт өртөгт 2,3 тэрбум төгрөгийг шийдсэн. Тиймээс үлдэгдэл санхүүжилтэд дэмжлэг шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.


Элчин сайд Роланд Рейланд цаг гарган хүлээн авч уулзсанд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт талархаад өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил авчирч чадсан төслүүдийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Тэрбээр 2016-2019 онд Бээжин дэх ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж, Монголд хэрэгжиж буй төслийн удирдах хорооны хуралд оролцож, алсалсан аймаг, суманд очиж байсны хувьд монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг гэв.

Элчин сайд мөн 2022 оноос эх барихын тусламж үйлчилгээнд алсын зайн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх төслийг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаатай холбоотой зарим мэдээллийг өгч, Зүрх судасны үндэсний төв барих ажлын санхүүжилттэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

関連ニュース