Умард Солонгос ирэх сард шинэ баллистик пуужин туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-11 13:33:31

СӨҮЛ. /TASS/.  Умард Солонгос 10 дугаар сарын 10-ны үеэр тив алгасагч шинэ баллистик пуужин туршина. Ийм дүгнэлтийг Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны тайланд хийжээ. Уг тайланг тус улсын парламентад танилцуулсан байна.

“Пуужинг 10 дугаар сарын 3-нд тэмдэглэдэг Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны ойгоор туршиж магадгүй. Уг пуужинг Пёнан-Пукто мужийн Тончан-ригийн пуужингийн полигоны шинэчилсэн гарааны цогцолбороос харвана” гэж баримт бичигт дурджээ.

Хятадтай залгаа хилийн бүсэд алсын тусгалтай пуужин харвах зориулалттай шинэ гарааны цогцолборыг Умард Солонгос бараг барьж дууссан гэж Ёнхап агентлаг урьд нь мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, Тончан-ри полигонд 67 метрийн өндөртэй харвах тавцан суурилуулсан нь 2012 онд харилцаа холбооны "Кванмёнсон" хиймэл дагуулыг тойрог замд оруулсан 30 метр урт "Ынха-3" пуужингаас хоёр дахин том пуужин харвах боломжтой болно. Шинэ байгууламж барих ажлыг 2013 оны сүүлээс эхлүүлжээ.

Өмнөд Солонгосын тагнуулын хиймэл дагуулууд Пхеньяны ойролцоо оршдог цэргийн үйлдвэрт алсын тусгалтай пуужин бүтээж байгаа шинж тэмдгийг илрүүлснийг Ёнхап агентлаг мөн мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын эрх баригчид 10 дугаар сарын 10-нд Пхеньян хотод томоохон цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

 

関連ニュース
コメント