“Токио-2025” дифлимпын наадмаас монголчууд хоёр хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотод дифлимпын зуны XXV наадам болж, Монгол баг тамирчид хоёр хүрэл медальтай эх орондоо ирж байна.
11 өдрийн турш спортын 21 төрлөөр өрсөлдсөн тамирчид өнөөдрөөс нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залж байгаа юм. Энэ удаагийн наадамд 81 орны 3200 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр 47 дугаарт байрт жагслаа.
Тодруулбал, чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр Арменийн бөхийг, 74 кг-д Д.Чинзориг Арменийн тамирчныг оноогоор цэвэр ялснаар хүрэл медалийн тавцанд эрхтэй болсон юм. “Токио-2025” наадмыг Украины баг тамирчид 32 алт, 39 мөнгө, 29 хүрэл, нийт 100 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол зохион байгуулагч япончууд 16 алт, 12 мөнгө, 23 хүрэл медаль хүртжээ. 54 орон ямар нэгэн медаль хүртсэнээс 36 нь аваргын алтан медальтай буцлаа.
Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй.






Ulaanbaatar