Улсын заан С.Сүхбат Улс тунхагласны ойн барилдаанд хоёр дараалан түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр боллоо.
Тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, Э.Оюунболдоор манлайлуулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчтэнүүд зодоглосон бөгөөд аймаг, сумын цолтнууд чансааны оноогоор энэхүү барилдаанд барилдах эрхтэй болсон юм. Улмаар Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэв.
С.Сүхбат зааны хувьд өнгөрсөн жил Улс тунхагласны ойн барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж, түрүүлсэн. Тэгвэл хоёр жил дараалан түрүүлсэн амжилтаараа зургаадугаарт эрэмбэлэгдэх болов. Харин улсын аварга П.Бүрэнтөгсийн тухайд Улс тунхагласны ойн барилдаанд хоёр түрүүлж, гурав үзүүрлэн, нэг шөвгөрсөн амжилттай боллоо.
Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх аймгийн арслан Д.Батбаяр нар шалгарлаа. Улс тунхагласны ойн барилдаанд аймгийн цолтой хоёр бөх шөвгийн дөрөвт шалгарсан анхны тохиолдол нь энэ.
Тус барилдааны шөвгийн наймд улсын начин О.Түмэн, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, Б.Цагаанбанди нар үлдэв. Барилдааны үеэр “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан У.Батцоожид гардуулсан юм.









Ulaanbaatar