Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цомын эзнээр тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан” цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан боллоо.
Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нараар манлайлуулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын отгон арслан Э.Батмагнай долоо даван түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын залуу заан С.Сүхбат үзүүрлэлээ. Э.Батмагнайгийн хувьд өнгөрсөн жил “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд түрүүлж байсан бол энэ удаа “Чингис хаан” цомын түрүүг өөрийн болгож байна.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарчээ. Тэгвэл наймд улсын арслан Ц.Содномдорж, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, харцага Э.Даш нар үлдсэн байна. Улсын харцага Э.Дашийн хувьд “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд өнгөрсөн жил түрүүлж, анхдугаар цомын эзнээр тодорсон. Мөн 2016, 2017 онд дараалан үзүүрлэж байсан бол энэ удаа дунд шөвөгт шалгарлаа.
Тус барилдаанд зодоглосон сумын заан М.Мандахбаяр нэгийн даваанд зүүн жигүүрийн магнайлсан дархан аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан. Харин сумын заан Д.Мөнхтулга нэгийн даваанд барууныг магнайлсан улсын аварга О.Хангайг, хоёр дээр арслан Э.Оюунболд, гурвын даваанд арслан Ц.Бямба-Отгон нарыг өвдөг шороодуулж, 16-д арслан Ц.Содномдоржид тахим буулгаж үзэгчдийг баясгалаа.


Связанные новости
Ulaanbaatar