Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-18 15:13:25

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээн “Степп Арена”-д эхэллээ.


Энэ удаагийн тэмцээнд Монгол, Хятад, Вьетнам, Казахстан зэрэг орны 40 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга Б.Энх-Амгалан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, гадаадын Элчин сайдын яамд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, спортын хороод, гардан тулааны клуб, холбоодын удирдлагууд, баг, тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд үг хэлэхдээ, “Сонсогчийн алдар тэмцээн, нээлттэй өдөрлөг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Эрүүл монгол хүн”, “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, залуу хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааны нэг хэсэг болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийн нэмэлт хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлэх талаар тулааны спортын холбоо, мэргэжлийн клубуудын дэвшүүлсэн санаачилгыг дэмжин ажиллах болно” гэлээ.


“Сонсогчийн алдар” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг “тулаан” болон “өөрийгөө хамгаалах” төрөлд хувийн болон багийн амжилтаар тус бүр байр эзлүүлж, урамшуулна. Мөн төрөл тус бүрд тэргүүлсэн нэг тамирчинд “Улаан брет малгай” олгох юм. Үүнээс гадна “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч” болон тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, өөрийгөө хамгаалах төрөлд “Шилдэг ур чадвартай тамирчин”-ыг тус тус шалгаруулж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом” гардуулна.


“Сонсогчийн алдар” тэмцээнийг 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд аваргууд маргааш тодорно. 


Энэхүү тэмцээнийг Ардын багш, боловсрол судлалын ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа санаачилсан юм. 1996 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоо, нэгдэл, хувь хүмүүсийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй.


1998 оноос эмэгтэй тамирчид, хүүхэд, залуучуудыг насны ангилал, жингээр оролцуулж эхэлсэн. 2003, 2008, 2013 онд Орос, Украин, Казахстан, Иран, Япон, Чех, Солонгосын тамирчид оролцож байлаа. Манай улсад тулааны урлагийн 20 орчим төрлөөр 50 гаруй мэргэжлийн холбоо, клуб, 1000 орчим секц, дугуйлан үйл ажиллагаа явуулж байна.

"Сонсогчийн алдар" тэмцээний фото агшнаас хүргэе. 
































Связанные новости