“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-21 10:49:18

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан” цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.


Тус барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улсын цолтой 47 бөх барилдахаар бүртгүүлжээ. Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан тав, заан долоо, харцага 12, начин цолтой 21 бөх байгаа юм. Тэгвэл үлдсэн 81 бөхийг чансааны оноогоороо жагссан аймгийн цолтнууд бүрдүүлж байна.


“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд өнгөрсөн жилээс “Чингис хаан” шилжин явах цом олгож эхэлсэн бөгөөд анхны цомын эзнээр улсын харцага Э.Даш тодорч байв.

Энэ удаагийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Сумъяабат нар зодоглохгүй. Б.Орхонбаярын арслангийн тухайд өнөөдөр Солонгос дахь фэн клубийнхээ уулзалтад оролцоно. Харин улсын харцага Б.Зоригбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Сумъяабат нар бэртлийн улмаас “Чингис хаан” цомын барилдааныг өнжиж байна. 

Связанные новости