ХӨВСГӨЛ: Цагаан-Уул суманд “Хүлэрт намаг хамгаалал” төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн 80 гаруй оронд салбартай байгаль хамгааллын Дэ Нэйче Консерванси байгууллагаас Хөвсгөл аймагт “Хүлэрт намаг хамгаалал” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүлэрт намаг хамгаалал” төслийн тухайд нүүрстөрөгчийн томоохон эх үүсвэр, мөн нүүрсхүчлийн хийг ихээр шингээх нөөц бүхий хүлэрт намгаар баялаг Цагаан-Уул суманд энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн байна.
Төслөөс хийж хэрэгжүүлсэн ажлууд, судалгаа мониторингийн үр дүнг тайлагнаж, цаашдын төлөвлөгөөгөө хамтран ажиллагч орон нутгийн удирдлага, малчид, аймгийн байгаль хамгааллын чиглэлийн байгууллагын төлөөллүүдтэй хамтран гаргалаа.
Тухайлбал, “Хүлэрт намаг хамгаалал” төслөөс Цагаан-Уул суманд хүлэрт намгийн хөрс болон ургамлын судалгаа, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний зураг гаргах, сумын бэлчээр ашиглах журмыг сайжруулах, хүлэрт намаг бүхий газрыг хашиж хамгаалах, нутгийн иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна.
Үүнд Газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, Цагаан-Уул сумын удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, газрын даамал, Тэсийн гол Булнайн нурууны тусгай хамгаалалтын газрын захиргаа, аймгийн ХХААГ, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа зэрэг байгууллага хамтран ажилласан байна.
Цаашид Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийг дэмжиж ажиллах, Тэсийн гол Булнайн нурууны ТХГ-ын захиргаатай хамтран судалгаанд суурилсан хамгааллын менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх, мөн тус сумын байгалийн нөөцийн хамтын менежментийн сумын хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ярилцлаа.
Үүний дагуу иргэд, малчид бэлчээр, хүлэрт намаг бүхий газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглахдаа амраах, сэлгээх байдлаар зөв зохистой ашиглах нь бэлчээр, хүлэрт намгаар зогсохгүй цэнгэг усны нөөцийн эх үүсвэрийг хамгаалах юм.
Дэлхийн дулаарлыг сааруулагч хүч гэж эрдэмтэд тодорхойлох болсон хүлэрт намаг нь Монгол орны ердөө 1.7 хувийг эзэлдэг тул хамгааллын менежментийг нутгийн захиргаа, холбогдох байгууллагууд болон иргэдээс бүрдсэн өргөн баг бүрэлдэхүүнээр хэрэгжүүлэх нь чухал байна.
Үүний тулд хүлэрт намгийн ач холбогдлыг таниулж хамгаалах сэдлийг өгөх нь төслийн эн тэргүүний зорилт байсан тухай Төслийн удирдагч, экологийн ухааны доктор А.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Хүлэрт намаг нь заавал хамгаалах ёстой эко системүүдийн нэг болохыг эрдэмтдийн судалгаа нотолсоор байна.
Иймд Монгол оронд хүлэрт намаг хамгааллын чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй байгууллагууд нэгдэн “Монголын хүлэрт намгийн санаачилга” дор нэгдэж харилцан туршлага солилцон, алдаа онооноосоо суралцаж, судалгааны аргазүй, үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллаж эхэлсэн.
Энэ хүрээнд бид уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн ач холбогдолтой энэхүү эко системд учирч болзошгүй эрсдэл болон хамгааллын арга замыг олон нийтэд таниулах ажлыг Дэлхийн хүлэрт намаг хамгаалах өдрөөр зохион байгуулсан. Цаашид олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж байлаа.



Ulaanbaatar