ХӨВСГӨЛ: “Эх хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-20 14:50:44

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт эхийн ноцтой хүндрэл, сэргийлж болох хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор “Эх хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.


"Тус аймагт жилд 2000 орчим эхчүүд төрдөг боловч сүүлийн 3 жил дараалан буурлаа.


Энэ оны эхний 10 сарын байдлаар 1477 төрсөн нь өмнөх оны мөн үеэс 421 тохиолдлоор буурсан байна.


Мөн эхийн ноцтой хүндрэл 4 тохиолдол гарсан ч яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эрсдэл гараагүй. 


Хөвсгөл аймаг сүүлийн 3 жилийн эхийн эндэгдэлгүй ажиллаж байна" гэдгийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч П.Отгонбаяр хэллээ.


Тодруулбал анхны төрөлт багасаж 35 болон 40-өөс дээш насанд төрөлт нэмэгдэж байна.


40-өөс дээш насны эхчүүдийн төрөлт нэмэгдэж байгаа нь тухайн ээж эрхтэн тогтолцооны эмгэгтэй байдаг асуудлууд нь эхийн ноцтой хүндрэл гарах шалтгаан болж байна.


Иймээс Хөвсгөл аймагт хүндрэлээс сэргийлж болох арга хэмжээг авч ажиллаж байна.


Цаашид охид хөвгүүдэд өсвөр насанд нь бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн мэдлэг, гэр бүлийг хэрхэн төлөвлөх талаар мэдлэг боловсрол олгох шаардлагатай байна.


Мөн 40-өөс дээш насныхан төрснөөр ямар эрсдэл үүсэх талаар мэдээлэл, зөвлөгөөг эхчүүдэд өгч байх хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

 




Связанные новости