ХӨВСГӨЛ: Шилдэг угийн бичиг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран “Шилдэг угийн бичиг 2025” уралдааныг зарлалаа.
Тус уралдаан нь угийн бичиг хэмээх соёлын биет бус өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, угийн бичгээ зөв хөтлөх аргачлалыг орчин цагт нийцүүлэн сэргээх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Уралдаанд оролцогч иргэд 7-9 үеэрээ угийн бичгээ хөтөлсөн, угийн бичгийн үе дамжсан зураглалын бүрэн тусгасан байх шаардлагатай бөгөөд угийн бичиг хөтөлдөг өрх бүр оролцох боломжтой юм.
Тус аймагт 2014 оноос угийн бичгийн дэвтэр тарааж, угийн бичиг хөтлөх ажил явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар угийн бичгийн дэвтэр хөтлөлт 40 орчим хувьтай байна.
Энэ үйл ажиллагааг эрчимжүүлж Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ хөтлөх нь
төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө төрийн
байгууллага, хувь хүн, иргэн бүр санаачилгатай байхыг уриалж угийн бичиг
хөтлөлтийг энэ онд 50 хувьд хүргэхийг
зорьж байна.
Монголчуудын овог удмаа мэддэг байсан эртний түүх 1925 оноос түр мартагдаж
1990 оноос дахин сэргэж байгаа бол тус аймгийн Жаргалант, Рашаант, Тариалан,
Шинэ-Идэр сумын иргэд угийн бичиг хөтлөх ажилд хамгийн идэвхтэй оролцож байгаа
юм.
Ulaanbaatar