СЭЛЭНГЭ: Хушны самар нь үнэ цэнтэй байгалийн баялагт ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-02 11:53:32

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Сибирь хуш модны  самрын нэмүү өртгийн шинжилгээг батлагдсан аргачлалын дагуу хэрхэн хийх, үр өгөөж нь ямар байх талаар судалгааны багийнхан мэдээлэл хийлээ.

 

Сибирь хуш модны самрын нэмүү өртгийн шинжилгээг батлагдсан VCA4D аргачлалын дагуу хийх судалгааны ажлыг Европын холбоо, Монгол Улс хоорондын “Ойн түншлэл”-ийн санамж бичигт Ерөнхийлөгч Вон Дер Лэйен, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар COP27-ын үеэр дээд түвшинд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Европын холбооны захиалгаар Өртгийн сүлжээний эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг нь оролцогч талуудад хүртээмжтэй эсэх, нийгэм болон байгаль орчин талаасаа тогтвортой эсэх гэсэн дөрвөн үндсэн агуулгын хүрээнд дээрх судалгааны баг мэдээлэл өгсөн байна.

 

Судалгааны багийн ахлагчаар Жон Мортон /Англи/ ажиллаж гишүүдэд Эдийн засгийн шинжээч Петри Тарио Лехтонен /Финлянд/, Байгаль орчны шинжээч Күентин Гүйдоссе /Франц/, Монгол Улсаас Байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Г.Эрдэнэцолмон, Сэлэнгэ аймгийн Орхоны бүсийн сум дундын Ойн  ангийн дарга Э.Сувдаа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Б.Отгонбаасан нар ажиллаж, тус сумын нөхөрлөлийн холбооны гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцжээ.

 

Тус үйл ажиллагааны үр дүнд холбогдох хууль дүрмийг хэрэгжүүлэхэд бодит байдалд тулгарч буй асуудлууд. Цаашид авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, нөхөрлөлүүдийг хэрхэн дэмжиж ажиллах асуудлуудыг түлхүү ярилцсан байна.

 

Мөн Сибирь хуш модны самрын нэмүү өртгийг дээшлүүлснээр орон нутаг болон улсын хэмжээнд гарч болох ахиц дэвшил, иргэдийг болзошгүй хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх талаар ярилцжээ.

 

Хушин ой нь Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн 5.2 хувь буюу 612,7 мянган га талбайг эзэлдэг байна. Сибирь хуш мод нь Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг 10 аймгийн 63 сум, нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг байна.

 

Хушны самар нь цөөн хэдэн улсад ургадаг ховор, онцлог, түүнийгээ дагаад үнэ цэнтэй байгалийн баялагт ордог байна.

 

Судалгааны багт Монголын талаас оролцож байгаа Байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Г.Эрдэнэцолмон, “Хушин ойн тогтвортой менежментийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Иймээс энэхүү судалгааны ажлыг хийж, хушин ойн ашиглалт, самрын нөөцийг хэрхэн зүй зохистой бэлтгэх болон хуш модонд хохирол учруулсан тохиолдолд тооцох аргачлалын талаар иргэд болоод мэргэжлийн байгууллагынханд мэдээлэл өгч байна.


Манай судалгааны үр дүнгээс харахад хушин ой уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг байгаа нь ажиглагдсан. Мөн уур амьсгалын нөлөөнөөс үүдэн хушин ойн талбайн хэмжээ багасах хандлагатай болж хамгийн гол хүчин зүйл нь ой хээрийн түймэр нөлөөлсөн байна.


Хушин ой нь экосистемийн үйлчилгээний хувьд эдийн засгийн хувьд хамгийн өгөөжтэй. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний дөрөвт хушны самар ордог” хэмээн ярилаа.

Связанные новости