СЭЛЭНГЭ: Ерөөгийн халуун рашаан өвөлдөө +45 хэмтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал, Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн заагт, Ерөө голын
эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах Ичилэхийн голын дунд хэсэгт 1150
метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийн халуун устай рашаан байдаг.
Ерөөгийн хэмээн нэрлэгдсэн энэ халуун рашаан
нь карбонат, сульфат, натрийн найрлагатай бөгөөд үе мөч, мэдрэлийн өвчнийг гойд
сайн анагаадаг гэдгээрээ алдартай юм.
Энэхүү рашааны халуун нь дунджаар +35+45 хэмийн
хооронд хэлбэлзэх бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн төрөл юм.
Халуун рашаан нь том жижиг 3 худагтай бөгөөд том
нь хамгийн халуун нь юм. Хашааны худгуудыг чулуугаар хөвөөлж хүн ороход
эвтэйхэн болгон тохижуулан засжээ.
Энэхүү халуун рашаан нь 3 хэсгээс бүрдэнэ. Хамгийн бага
хэмтэй нь шаварлаг бөгөөд +40 хүрэхгүй хэмтэй. Дараагийн хэсэг нь чулуун суурь
бүхий 4 хүн хэвтэх багтаамжтай бөгөөд өмнөхөөс арай илүү хэмтэй. Харин хамгийн
халуун буюу 3 дахь хэсэг нь +42 хэм орчим. Эдгээр 3 хэсэг рашаан хоорондоо хэдхэн
алхмын зайд байрлана.
Уг рашааныг нийслэлээс зорихоор бол Монгол Улсын
хамгийн том сум болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараа хүртэл 190 км
явна.
Зүүнхараагаас Хонин нуга хүртэл өвөл гол хөлдсөн үед явах эсвэл Уртын даваа, Хатангийн даваа, Ерөө гол, Шарлангийн голын гармаар гарч, Шарлангийн гол, Ичилэхийн гол гэх мэт үзэсгэлэнт байгаль дундуур 50 км явж рашаанд хүрнэ. Нийт замын урт нийслэл хотоос рашаан хүртэл нэг талдаа 300 км байдаг.



Ulaanbaatar