СЭЛЭНГЭ: Орон нутаг дахь үр ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-03 14:44:15

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Хөгжлийн хурдасгуур-Орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт форумыг Сүхбаатар суманд өнөөдөр зохион байгуулж байна.


Сэлэнгэ аймгийн ЗДТГ, "Дэлхийн зөн Монгол" ОУБ хамтран зохион байгуулж буй энэ үйл ажиллагаа нь Дэлхийн зөнгөөс хэрэгжүүлж байгаа төслүүдийн орон нутаг дахь үр ашигтай хамтын ажиллагааны талаар харилцан туршлага солилцоход гол зорилгоо чиглүүлж байгаа юм.

 

Форумд "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын урт хугацааны Орон нутгийн хөтөлбөрүүд хэрэгжиж буй аймгууд болох Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатар хот, бусад аймагт хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хамт олон оролцож байна.

 

"Дэлхийн зөн Монгол" ОУБ нь Сэлэнгэ аймагт 19 дэх жилдээ урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.  

 

Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, тэр дундаа хүүхэд, өсвөр насныхны хамгаалал, боловсрол, цэвэр ус, ариун цэврийн дэд бүтэц, ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааг дэмжих зэрэг олон чиглэлийг хамарч ажилладаг.

 

Тухайлбал 2023–2024 онд Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймагт хэрэгжсэн “Хүүхэд-Эрхэмлэсэн олон нийтийн төсөл” хөтөлбөрөөр сургууль, дотуур байрны нөхцөлийг сайжруулж, “Хүүхдийн хөгжлийн өрөө” байгуулсан, өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, сургалт, эцэг-эх, асран хамгаалагчдад анхан шатны мэдлэг олгох зэрэг үйл ажиллагааг явуулжээ.

 

Мөн Сэлэнгэ аймаг дахь AДPА хөтөлбөрөөр орон нутгийн хөгжил, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгаалал, боловсрол зэрэг салбарт олон жилийн туршид үйл ажиллагаа явуулдаг олон талт хөгжлийн хөтөлбөр юм.

 

Связанные новости