Арменийн ерөнхийлөгч асан авлигын хэрэгт холбогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЕРЕВАН, 2025 оны долоодугаар сарын 3 /DW/. Армени улсын ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль авсан, хууль бусаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн хэрэгт буруутган тус улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байгаа тухай Armenpress агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
Саргсян 2000-2008 онд Батлан хамгаалахын сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байхдаа хууль бусаар бизнес эрхэлж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Ингэхдээ өөрийн албан тушаалын байдлыг ашиглан, итгэмжит хүмүүсээрээ дамжуулан арилжааны компаниудыг байгуулж, тэдгээрийг удирдахад оролцож байжээ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт татах нэрийдлээр өөрийн сайн танил М.Б болон түүний эзэмшил дэх компанийг ашиглан Арарат мужийн Суренаван тосгонд битумын үйлдвэр барьсан байна. Ингээд 2006 онд компани байгуулагдах үед хувьцааных нь 50 хувийг М.Б, үлдсэн 50 хувийг Кипрт бүртгэлтэй Оросын хоёр компани эзэмшихээр болсон байна.
Хэсэг хугацааны дараа С.Саргсян
өөрийн танил М.Б-д хандан, хувьцааныхаа 22,5 хувийг өөрийнх нь хамаатан болон
Арменийн хоёр дахь ерөнхийлөгч Левон Кочаряны хүүгийн хамтран байгуулсан
компанид шилжүүлэхийг шаардсан байна. 2008 онд хувьцааг уг компанид албан ёсоор худалджээ. Дараа нь Саргсян хоёр дахь ерөнхийлөгчийн хүүд 6 сая доллар шилжүүлэн
өгөхийг шаардсан бөгөөд уг мөнгийг хуурамч зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн
байна.
Одоогоор урьдчилсан мөрдөн
байцаалт дуусч, Саргсяны хэргийг Арменийн Авилгын хэргийн дагнасан шүүхэд
шилжүүлсэн тухай Newsarmenia.am цахим хуудсанд мэдээлжээ.