Д.Трампын санаачилсан "том бөгөөд гайхалтай" хуулийн төслийг Сенат баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-02 15:39:37

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 2 /DW/. Татварыг хөнгөлөх, төрийн зардлыг бууруулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан хуулийн төслийг тус улсын Конгрессын Сенатын танхим мягмар гарагт баталжээ. Сенатын хуралдаан 24 цаг гаруйн турш үргэлжилсэн байна. 


Бүгд найрамдах намынхан Сенатад олонхын суудал эзэлдэг хэдий ч уг хуулийн төслийг дэмжсэн болон эсэргүүцсэн гишүүдийн санал 50:50 хувиар тэнцсэн байна. Трампын “том бөгөөд гайхалтай” хуулийн төсөл дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн саналаар дэмжигджээ. 


Умард Каролинагаас сонгогдсон Том Тиллис, Мэн муж улсаас сонгогдсон Сьюзан Коллинз, Кентакки муж улсаас сонгогдсон Рэнд Пол гэсэн Бүгд найрамдах намын гурван сенатч Ардчилсан намынхантай нэгдэн Цагаан ордноос санал болгосон татвар, төсвийн тухай багц хуулийг батлахыг эсэргүүцсэн санал өгсөн байна. 


Хэлэлцүүлгийн явцад сенатчид хуулийн төсөлд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан тул одоо Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахин батлах ёстой. Reuters агентлагийн мэдээлснээр, хуулийн төслийн хэлэлцүүлэг, санал хураалтыг долоодугаар сарын 2-нд буюу өнөөдөр явуулахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч Д.Трамп уг хуульд долоодугаар сарын 4-ний баасан гарагт тохиох Тусгаар тогтнолын өдрөөс өмнө гарын үсэг зурах бодолтой байгаа юм. 


Д.Трампын санаачилсан хуулийн төсөлд 2016 оны эхний бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлж эхэлсэн татварын хөнгөлөлтийг сунгах, цагаачлалын алба болон батлан хамгаалах салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, “Алтан дээвэр” (Golden Dome) гэдэг нэртэй пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолбор байгуулахад хөрөнгө гаргахаар төлөвлөжээ.


Батлан хамгаалах салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд хүнсний хөтөлбөрүүд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүд, мөн бага орлоготой иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмзэг бүлгийн хүүхдүүд болон нийгмийн хамгаалал шаардлагатай бусад хүмүүсийн эмнэлгийн зардлыг төлдөг Medicaid хөтөлбөрийн зардлыг танах санал тусгагдсан байна. Конгрессын тооцоогоор, үүний улмаас ирэх арван жилийн хугацаанд 12 сая орчим хүн уг хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн үйлчилгээ авах боломжоо алдаж болзошгүй аж.



Связанные новости