Тайландын Ерөнхий сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-02 16:24:13

БАНГКОК, 2025 оны долоодугаар сарын 2 /Reuters/. Тайландын Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Пхетхонгтан Чинаватыг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь түр хугацаагаар огцруулахаар шийдвэрлэжээ.


Ерөнхий сайд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгаж буй Сенатын танхимын 36 гишүүний гаргасан өргөдлийг цэц хүлээн аваад "Ерөнхий сайдын үйлдлийг Үндсэн хуулийг зөрчсөнд тооцно" гэж дүгнэжээ. Камбожийн нөлөө бүхий удирдагч асан Хун Сентэй утсаар ярьсан бичлэг нь задарсны дараа Пхетхонгтан Чинаватыг буруутгаж эхэлсэн юм. 


Өдгөө 38 настай Чинават Камбожтой залгаа хилийн бүс дэх хурцадмал байдлыг намжаах зорилгоор зургаадугаар сарын 15-нд утсаар ярих үеэрээ Хун Сенд хүндэтгэлтэй хандаж, Тайландын армийн комдлагчийг шүүмжилжээ. Тэрбээр уг үйл явдлын дараа уучлалт хүсээд хэлсэн үгс нь хэлэлцээ хийх тактик байсан гэж мэдэгдсэн байна. 


"Үндсэн хуулийн цэц өргөдлийг хэлэлцээд, хэргийг хянан хэлэлцүүлэх шийдвэрийг санал нэгтэй гаргалаа" гэж мэдэгдэлд дурджээ. Чинаватын хэргийг шүүхээр хэлэлцэх хугацаанд Ерөнхий сайдын үүргийг шадар сайд Сурия Чуангрунгруангкит гүйцэтгэнэ. 


Тайландын эрх баригчид Камбожтой хилээ хаасан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард хилийн маргаантай бүсэд буудалцаан болсны улмаас Камбожийн нэг цэрэг амиа алдсаны дараа хоёр орны хилийн маргаан хурцадсан юм. 


Связанные новости