Иран: Хоригийг сэргээсний хариуд “шийдэмгий" арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-29 11:41:55

ТЕХРАН, 2025 оны есдүгээр сарын 29 /DW/. НҮБ-ын хоригийг сэргээсэнтэй холбогдуулан хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж Ираны Гадаад хэргийн яам мэдэгджээ. “Исламын Бүгд Найрамдах Иран Улс өөрийн эрх, үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалж, Ираны ард түмний эрх ашгийн эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд зохих хариу арга хэмжээг шийдэмгий авна" гэж ням гарагт гаргасан уг мэдэгдэлд дурдсан байна. 


Ираны Гадаад хэргийн яам мөн НҮБ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад хоригийг сэргээсэн нь “хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл" гэж үзэж байгаагаа мэдэгджээ.


Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ есдүгээр сарын 28-нд шилжих шөнө дахин хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг 2015 онд Иран болон дэлхийн зургаан гүрний (Их Британи, Герман, Хятад, Орос, АНУ, Франц) хооронд байгуулсны дараа цуцалсан хоригийг дахин сэргээжээ. Энэхүү гэрээнд Техраны талаас ноцтой зөрчил илэрвэл НҮБ-ын хоригийг дахин сэргээхээр тусгасан байна.


2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талыг хүлээсэн үүргээ зөрчсөн гэж мэдэгдэж, уг гэрээнээс АНУ-ыг гаргаж, улмаар тус улсад авсан хоригуудаа эргэн сэргээсэн юм. 


АНУ энэ гэрээнээс гарснаар Ираны тал хүлээсэн үүргээсээ аажмаар ухарч, цөмийн байгууламжууддаа дахин уран баяжуулж эхэлжээ. Америкийн эрх баригчдын тооцоолсноор, Иран гэрээгээр тогтоосон хэмжээнээс дөрөв дахин их уран баяжуулсан байна.


Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Их Британи, Герман, Францын Гадаад хэргийн сайд нар Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй  байна гэж Ираныг буруутгасан захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүйн Зөвлөлийн даргад илгээжээ. Ингэснээр цөмийн хэлэлцээрт тусгагдсан хориг арга хэмжээг дахин сэргээх механизмыг (Snapback) ашигласан байна.



Связанные новости