Японы өндөр албан тушаалтан Хятадад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-17 10:32:50

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /Kyodo/. Тайваньд гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд Японы зүгээс авч болзошгүй хариу арга хэмжээний талаар Ерөнхий сайд Такаичи Санаэгийн саяхан хийсэн мэдэгдлийн талаар хэлэлцэхээр Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан БНХАУ-д даваа гарагт айлчилна гэж энэ талаар мэдээлэл бүхий засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. 


Уулзалт мягмар гарагт болно гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.


Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн баасан гарагт Бээжин дэх Японы Элчин сайдыг дуудан уулзаж, хэлсэн үгээ буцаахыг Т.Санаэгээс шаардсан гэж мэдэгдсэн бол мөн өдөр Японы Гадаад хэргийн яам Хятадын дипломатчийн саяхан нийгмийн сүлжээнд нийтэлсэн постод үүнтэй төстэй эсэргүүцэл илэрхийлсэн гэдгээ мэдэгдсэн юм.


Энэ сарын эхээр Т.Санаэ “цэргийн хүч хэрэглэснээс үүдэн Тайваньд онцгой байдал үүсвэл Японы хувьд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Шюэ Жянь X хуудсандаа “бохир толгойг өчүүхэн ч эргэлзэлгүйгээр тасдана” гэх сүрдүүлсэн утгатай пост нийтэлсэн нь Т.Санаэгийн үгийг буруутгаж заналхийлсэн бололтой байв.



Связанные новости