Ватиканаас Канадын уугуул иргэдийн эд өлгийн зүйлсийг буцаан өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-17 13:23:31

РОМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /АР/. Ватиканы засаг захиргаа музейн цуглуулгаасаа 62 эд өлгийн зүйлийг Канадын уугуул иргэдэд буцааж өгсөн нь Католик сүмээс Өмнөд, Хойд Америкийн соёлыг хавчиж бооход оролцож байснаа хүлээн зөвшөөрсөн ээлжит алхам боллоо.  


Associated Press агентлагийн мэдээлснээр, Тэргүүн хамба XIV Лео буцаан олгохыг үүрэг болгосон эд өлгийн зүйлс дунд инуитчуудын завь зэрэг зүйлс байгаа ажээ. Пап Лео Канадын католик сүмүүдийн хамба нарын бага хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Канадын уугуул иргэдийн соёлын үнэт зүйлсийг гардуулан өгсөн байна. 


Эд өлгийн зүйлсийг эхлээд Оттава хот дахь Канадын Түүхийн музейд дэлгэх ажээ. 


Эдгээр эд зүйлс ойролцоогоор 100 жилийн турш Ватиканы Угсаатны зүйн номлогчийн музей болох "Анима Мунди"-ийн цуглуулгын нэг хэсэг байсаар иржээ. Эд өлгийн зүйлсийн ихэнхийг 1925 онд гаргасан үзэсгэлэнд зориулж католик номлогчид Ром руу илгээсэн бөгөөд Ватиканы засаг захиргаа Пап лам XI Пийд өгсөн бэлэг гэж мэдэгдсээр иржээ. 


Зарим түүхч эдгээр эд зүйлсийг сайн дураараа буцаан өгсөн гэдэгт эргэлзэж байгаа ажээ. Уугуул иргэдийг хүчээр уусгах талаар явуулж байсан Канадын засгийн газрыг Католик сүм олон арван жилийн турш дэмжиж байжээ.



Связанные новости