Молдовагийн эрх баригч нам парламентын сонгуульд тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-29 09:44:29

КИШИНЁВ, 2025 оны есдүгээр сарын 29 /DW/. Молдовагийн парламентын сонгуулийн саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаар сонгогчдын тэн хагас орчим нь эрх баригч, Европын талыг баримтлагч "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" намыг (PAS) дэмжсэн байна.


2021 оноос хойш парламентад дийлэнх олонхыг бүрдүүлж буй тус нам урьдчилсан дүнгээр сонгогчдын 49.6 хувийн саналыг авчээ. Харин Оросыг дэмжигч Эх орончдын холбоо 24.6 хувийн санал авснаар хоёрдугаарт жагссан байна.


Сонгуульд 1.59 сая гаруй хүн буюу сонгуулийн насны иргэдийн 51.9 орчим хувь нь саналаа өгсөн гэж Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Молдовагийн 276 мянга орчим иргэн хилийн чанад дахь санал хураах байруудад саналаа өгсөн бөгөөд эдгээр байр нь 19:00 цаг хүртэл нээлттэй байх ажээ.


Молдовагийн эрх баригч, ЕХ-г дэмжигч "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" нам парламентын сонгуульд тэргүүлж байгаа энэ үед тус намын хууль тогтоогч Раду Мариан энэ бол бүх Европын хувьд ялалт юм” хэмээн мэдэгдсэн байна. Энх тайван, хөгжил дэвшил, ардчилал ялсан учраас бүх Европт санаа амар байж болно” гэж тэрбээр DW-д ярьжээ.

Связанные новости