Европт хүлэмжийн хийн ялгарлыг 90 хувиар бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-03 11:12:31

БРЮССЕЛЬ, 2025 оны долоодугаар сарын 3 /DW/. Европ тивд 2040 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 90 хувиар /1990 оны түвшинтэй харьцуулахад/ бууруулах завсрын зорилтыг дэвшүүлснээ Европын Комисс мягмар гарагт Брюссель хотод танилцууллаа.


“Европын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг улам ихээр мэдэрч байгаа учраас тэд тодорхой арга хэмжээ авахыг хүсэн хүлээж байна” гэж ЕК-ын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ.


Одоо дээрх шийдвэрийг Европын парламент болон ЕХ-ны гишүүн орнууд батлах ёстой.


Юуны түрүүнд ЕХ-ны гишүүн орнуудын хүрээнд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах замаар дээрх зорилтод хүрэхийг ЕК эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ зарим уян хатан заалтуудыг оруулсан байна. Тухайлбал, 2036 оноос эхлэн ЕХ-ны гишүүн орнууд 1990 оны үеийн ялгарлын түвшний 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гуравдагч орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах төслүүдэд оруулах ёстой. Энэ бол “нүүрстөрөгчийн зээл” бөгөөд ЕХ-ны бүрэлдэхүүнд багтдаггүй улсуудад хүлэмжийн хийг багасгахад зориулсан санхүүжилт юм.   


Хүлэмжийн хийн ялгарлыг юуны түрүүнд аж үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуйн салбарынхан бууруулах ёстой. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, нүүрстөрөгчийг барьж хадгалах технологиудыг боловсронгуй болгох асуудлыг дээрх төлөвлөгөөнд тусгажээ. Энэ бүхэн бол агаар мандалд хүлэмжийн хий хуримтлагдахаас урьдчилан сэргийлж, дэлхий дулаарлын явцыг удаашруулахад чиглэсэн арга хэмжээнүүд юм.


Үүний зэрэгцээ Европын Комиссын эл төлөвлөгөө шүүмжлэлтэй тулгарсан байна. 90 хувь гэдэг хэт өндөр байна гэж зарим улстөрчид үзэж байгаа бол олон улсын төлбөр тооцоонд алдаа завхрал, хуулийн цоорхой гарна гэдгээс зарим нь болгоомжилж байна. “Олон улсын уур амьсгалын зээл нь тооцоход хүндрэлтэй эрсдэлийг бий болгоно” гэж Германы Социалист демократ намаас Европын парламентад сонгогдсон депутат Тимо Вёлькен хэлсэн байна.


Европ тивд хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх зорилтыг 2021 онд ЕХ хууль эрхзүйн хувьд баталгажуулснаас гадна 2030 он гэхэд ялгарлыг 55 хувиар /1990 оны түвшинтэй харьцуулахад/ бууруулах завсрын зорилтыг дэвшүүлжээ. Харин 2040 он гэхэд 90 хувиар бууруулах зорилт нь Парисын уур амьсгалын гэрээгээр хүлээсэн ЕХ-ны үүрэг ба тус холбооны Шинжлэх ухааны зөвлөлөөс гаргасан зөвлөмжид нийцэж байгаа юм.

 

Связанные новости