Эрс шинэчлэлийг хийж буй Азийн шинэ бар-Узбекистан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-23 16:42:05

УЛААНБААТАР, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Саяхныг хүртэл захиргаадалтын дэглэмд нухлагдаж, дэлхий дээрх хамгийн хаалттай орнуудын нэг гэгдэж байсан Узбекистан улсад сүүлийн хэдхэн жилийн дотор санаанд багтамгүй дэвшилтэт өөрчлөлтүүд гарчээ.


Эртний Торгоны замын дагуух Самарканд, Бухар, Хива, Ургенч, Карши зэрэг хотуудаараа алдартай, олон мянган жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар дээр оршсоор ирсэн, эртний Хорезмын эзэнт гүрний гал голомтыг сахиж буй өнө удаан түүхтэй улс гэдгээр нь Төв Азийн Узбекистан орныг дэлхий дахин мэднэ.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2017 онд засгийн эрхэнд гарах тэр үед ажиглагчид дүгнэхдээ “Ислам Каримовын хатуу бодлого үргэлжилнэ” гэцгээж байлаа. Гэтэл түүнээс хойш жил хүрэхгүй хугацаанд Узбекистаны шинэ удирдлага улс төрийн хоригдлуудыг суллаж, Хүний эрхийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарыг улс орондоо урина гэж төсөөлж байсан хүн бараг үгүй болов уу.


Эдийн засгийн эрс шинэчлэлийн тулгуур үндсүүд 


Өдгөө тус улсын гадаад харилцаа улам өргөжиж, эдийн засаг нь эрчимтэй тэлж байна.

Сүүлийн 10 хүрэхгүй жилийн хугацаанд Узбекистаны эдийн засаг жилд дунджаар 5,9 хувиар өсөж байгаа нь муугүй үзүүлэлт юм. 2017 онд эхэлсэн эдийн засгийн шинэчлэлийн үйл явц тасралтгүй үргэлжилсээр, Шинэ Узбекистаны хөгжлийн стратегийн бодлого /2022-2026 он/ амжилттай хэрэгжиж байна.


ЗХУ задарсны дараа үүссэн орон зай дахь 4 дэх том эдийн засагтай улс болох Узбекистаныг зарим ажиглагчид “Азийн 5 дахь бар” гэж нэрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ. Та бүхний мэдэж байгаачлан, Ази тивд 1960-1990 онд Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонконг гэдэг дөрвөн бар төрөн гарсан бол 1990 оноос хойших “хоёрдахь давалгааны барууд” бол Индонез, Малайз, Вьетнам, Тайланд юм. Харин одоо “гурав дахь үеийн шинэ баруудын” дүр төрхийг Узбекистан улс тодорхойлж байна.  


Мирзиёевийн шинэчлэл нь амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь батлагдсан шинжлэх ухааны няхуур тооцоо судалгаанд суурилсан бөгөөд тус улсыг бүх талаар хөгжүүлж, олон улсын тавцан дахь нэр нөлөөг бэхжүүлэхэд чиглэжээ. Энэ зорилт ахар богино хугацаанд амжилттай хэрэгжиж буйн учрыг шинжээчид дараах хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байна. 


Юуны түрүүнд хэлэхэд, ЗХУ-ын үед Узбекистан улс хөвөн тариалалтаар дэлхийд эхний 10-т ордог байсан, мөн усан үзмийн орон гэдгээр нь  хүмүүс багцаагаар мэддэг байсан боловч ашигт малтмалын нөөцөөр асар баялаг гэдгийг төдийлөн гадарладаггүй. Хэдхэн тоо дурдахад,  2014 оны статистик мэдээллээр, тус улс дэлхийд байгалийн хийн олборлолтоор 14 дүгээрт, хөвөнгийн экспортоор 4 дүгээрт, үйлдвэрлэлээр 6 дугаарт, ураны ба зэсийн нөөцөөр эхний 10-т,  алтны нөөцөөр 4 дүгээрт, олборлолтоор 7 дугаарт бичигдэж байна. Хайгуул хийж нөөцийг нь тогтоосон 900 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлгээ нь 970 тэрбум ам.доллар, геологийн таамаг нөөцийн үнэлгээ нь 3,3 их наяд ам. доллар болж байна. Төв Азийн бусад улсаас ялгаатай нь гэвэл, Узбекистан улс эдгээр ашигт малтмалаа дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортолдог нь давуу тал мөн.


Хоёрдугаарт, ДНБ-ийг бүрдүүлэхэд оруулж буй хувь нэмрээр нь эдийн засгийн салбаруудыг эрэмблээд аль салбарыг түлхүү хөгжүүлэх вэ гэдгээ сайтар тодорхойлжээ. Тухайлбал, Францад үйлчилгээний салбар 70 гаруй хувийг бүрдүүлдэг бол Узбекистанд энэ үзүүлэлт 40 гаруй хувьтай байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хэлэхдээ “аялал жуулчлалын салбарыг 3-4 дахин тэлэх аваас хөвөн тариалах шаардлагагүй болно” гэжээ.


Нөгөөтээгүүр, тус улсын эдийн засгийн бас нэгэн давуу тал бол гадаад орчин байнга өөрчлөгдөж буй нөхцөл байдалд богино хугацаанд дасан зохицох чадвар юм. Түүнээс гадна хүн ам, ялангуяа ажиллах хүчний тоо хурдацтай өсөж байна. 2000 онд 24,8 сая байсан хүн ам нь өдгөө 35 саяд хүрсний 60 хувийг нь 30 хүртэлх насны залуучууд бүрдүүлж байна.


Хүний нөөцийн чадамжийн хувьд Узбекистан улс Дундад Азийн “нефтийн бус орнуудын” дотроос хамгийн өндөр үзүүлэлттэй. Хөдөлмөрийн бүтээмж өндөр байна гэдэг бол зөвхөн гадаадаас технологи, техник тоног төхөөрөмж худалдан авсны үр дүн биш юм. Боловсрол бол бүтээмжийг дээшлүүлэх суурь хүчин зүйл бөгөөд Зөвлөлтийн үед Узбекистанд дунд боловсролын тогтолцоо маш сайн хөгжсөн байсныг тэмдэглэх нь зүйтэй. Одоо төрөөс дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа нь АНУ-ынхтай ойролцоо үзүүлэлт юм.


Үүний сацуу Шинэ Узбекистаны хөгжлийн стратегийн хүрээнд төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх бөгөөд ойрын таван жилийн хугацаанд 120 тэрбум ам.долларын хөрөнгө /үүнээс 70 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалт/ татахаар төлөвлөжээ. Өдгөө Узбекистаны эдийн засаг илүү нээлттэй болсноор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тоо эрс өссөн байна. Тодруулбал, 2017 онд тэдгээрийн тоо 5 мянга гаруй байсан бол 2022 оны эхээр 13 289 болж нэмэгдсэн байна.

Энэ бол шинэчлэл дөнгөж эхлэнгүүт валютын зах зээлийг либералчлах арга хэмжээ авсны үр дүн бөгөөд 2017 онд анх удаагаа Узбекистанд гадаад валютыг банкуудад чөлөөтэй сольдог болжээ. Өмнө нь, валютын ханшийг зах зээл бус харин төрөөс тогтоож байсан бөгөөд зөвхөн нийгмийн дээд зиндааныхан уг ханшаар валют сольж авдаг байжээ. Харин иргэд, бизнес эрхлэгчид хар захаас эсвэл “биржийн ханшаар” худалдан авдаг байсан бөгөөд хар захын ханш нь албан ханшнаас дор хаяж хоёр дахин өндөр байв. Валют солилцоог хязгаарлаж байсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн саад тотгор учруулж байлаа.


Сорилт бэрхшээлүүдийг даван туулах нь

Ашигт малтмалын асар их нөөцтэй, ажиллах хүчний нөөц хангалттай, хүн амын боловсролын түвшин өндөр, гадаад өр багатай, шинэчлэлийг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн төр засгийн удирдлага-энэ бүхэн бол үсрэнгүй хөгжлийг бүрдүүлэх таатай нөхцөл юм.


Үүний зэрэгцээ эрчимтэй хөгжихэд саад тотгор болж буй хүчин зүйлүүд бий. Тодруулбал, тус улс далайд гарцгүй бөгөөд хоёроос гурван улсын нутгаар дамжиж байж далайд гардаг дэлхий дээрх хоёрхон улсын нэг ажээ. Энэ бэрхшээлийг даван туулахын тулд 2035 он хүртэлх Тээврийн тогтолцоог хөгжүүлэх стратегийн бодлогыг боловсруулсан бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэнгисийн боомтуудад аль болохоор хурдан хүргэх тээврийн коридоруудыг бий болгоход онцгой анхаарал хандуулж байна.


Үүний тулд 2023 онд болсон Шанхайн хамт ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн анхдугаар чуулга уулзалтын хүрээнд Орос-Каспийн тэнгис-Туркменистан-Киргиз гэсэн коридорыг байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Азербайжан, Иран, Гүржээр дамжин Турк хүрэх ложистикийн сүлжээг бий болгоно.


Үүний зэрэгцээ Ази тивийг Европ ба Африктай холбох зорилго бүхий БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, Нэг зам” төслийн зөвхөн дамжин өнгөрөх цэг бус харин тодорхой төслүүдэд идэвхтэй хэрэгжүүлэгч болсноор Персийн булан руу нэвтрэх боломжтой

Узбекистан улс Гүржийн Поти, Батуми боомтуудыг ашиглаад эхэлсэн бөгөөд эдгээр нь Барууны орнуудтай харилцах чухал гарц болж байна.


Мөн сайн зүйлд саад мундахгүйн жишээгээр эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй Узбекистан улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж, цөлжилт, усны хомсдол, ган гачиг гэх зэрэг ноцтой асуудлуудтай тулгарчээ. Уулын мөсөн голууд хурдацтай хайлж байгаагийн улмаас усны хомсдол үүссэн нь хүн амын тоо өсөн нэмэгдэж буй энэ үед хүнсний хомсдолд хүргэх эрсдэлтэй. Тухайлбал, сүүлийн 40 жилийн дотор Аралын тэнгисийн нийт талбайн 57 хувь нь хатан ширгэж, усных нь 80 хувь нь ууршиж алга болсон нь дээрх асуудлыг улам хүндрүүллээ. Экологийн хувьд хамгийн тааламжгүй бүс нутаг гэгдэх Сурхандари мужид гэхэд жилдээ 19-20 удаа 20-25 м/с-ийн хурдтай хүчтэй элсэн шуурга шуурч байгаа нь хөрсийг доройтуулж, цөлжилт үүсгэж, ургацын хэмжээг эрс бууруулж байна. 


Эдгээр сорилтыг даван туулахын тулд Ерөнхийлөгч Ш.Мирзиёев 2022-2026 он хүртэлх 5 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих зорилго бүхий “Яшил макон” /Ногоон орон зай/ гэдэг нэртэй үндэсний хэмжээний төслийг хэрэгжүүлж эхэлснийг 2021 оны 11 дүгээр сард зарлан мэдэгджээ. “2022-2026 онд Шинэ Узбекистаныг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-нд хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг онцгойлон тусгасан байдаг. “Ногоон орон зай” төслийн хүрээнд жил бүр 200 сая ширхэг мод тарьж ургуулах бөгөөд хаврын эхээр 125 сая, намрын сүүлчээр 75 сая ширхэг суулгацыг тарихаар төлөвлөжээ.


Шинэ “ухаалаг” Ташкент хот


Өнөөдөр Узбекистаны нийслэлд 5 сая хүн амьдарч байгаа бөгөөд орон сууцны барилгууд, бусад обьект олноороо сүндэрлэн босож байгаагаас шалтгаалан дэд бүтцийн ачаалал нэмэгдсээр байна. Ойрын жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хүн ам эрс өсөх нь нэгэнт тодорхой болжээ.

Иймээс Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Ташкент хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа 15-20 жилийн дараах нөхцөл байдлыг урьдчилан харж, уран барилгын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тусгасны үндсэн дээр одоогийн нийслэлээс холгүй зайд буюу Ташкент мужийн Юкоричирчик, Уртачирчик гэсэн хоёр районд нийслэлийг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, хоёр жилийн өмнө шинэ хотын шавыг тавьжээ. Эдгээр газарт 20 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, эхний үе шатанд 100 мянган оршин суугчдын хэрэгцээг хангах орон сууц, дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд хотын ерөнхий төлөвлөгөө, салбарын төлөвлөгөө, зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулж байгаа бөгөөд энэ ажилд Сингапур, Их Британи, БНХАУ, Герман, Турк, Нидерланд, Өмнөд Солонгос, АНЭУ-ын 20 гаруй компани оролцож байна.


Ухаалаг Шинэ Ташкент хотын 6 мянган га газарт 1 сая хүн амьдрахад шаардлагатай дэд бүтэц бий болохын зэрэгцээ “Ташкентын ногоон бүс” төслийн хүрээнд 420 га талбай бүхий Төв цэцэрлэгт хүрээлэнд 200 мянган ширхэг мод тарьснаар жинхэнэ эко хот сүндэрлэн босно.


Ерөнхий хөгжлийг нь 50 жилээр урьдчилан харж төлөвлөсөн “Шинэ Ташкент” хот 1 сая хүн амтай байх бөгөөд “15 минутын хот” гэсэн нэгдсэн төлөвлөлтийн /концепц/ хүрээнд баригдана. Өөрөөр хэлбэл, хүн амд үзүүлэх нийгмийн үйлчилгээний бүх барилга байгууламж нь тухайн хүн гэрээсээ гараад 15 минут алхах зайд байрлана гэсэн үг.


2045 он гэхэд Чирчик ба Корасув гэдэг хоёр голын хоорондох 20 мянган га талбайд олон давхар өндөр барилгуудтай, ногоон бүстэй, олон нийт зугаалах өргөн уудам талбай бүхий орчин үеийн мегаполис хот сүндэрлэн босох бөгөөд барилгууд нь уламжлал ба орчин үеийн технологийг хослуулсан загвартай байх юм. Тухайлбал, 590 м өндөр Ташкент Тауэр нь Төв Азид хамгийн өндөр, дэлхийд 10 дугаарт орох өндөр барилга болно. Мөн Central Park Tower (475 м), Tashkent International Finance Center (450 м), Tashkent Plaza (425 м) гэсэн гурван сүрлэг барилга нь дэлхийн хамгийн өндөр 20 барилгын тоонд орох юм.


Орчин үеийн тээврийн эко сүлжээг бий болгож, шинээр метро барьснаар хуучин Ташкент хотод ердөө 30-35 минутын дотор очих боломжтой бол нисэх онгоцны буудалд 15 минутанд хүргэх өндөр хурдны галт тэрэгний зам барина.


Мөн шинэ нийслэлийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 2400 МВт хүчин чадалтай 4 нарны цахилгаан станц барихад 2 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулснаар жилд 2 сая оршин суугч, 30 мянган үйлдвэрийг цахилгаанаар хангах юм. 

 

 

 

 

 

 

 

Связанные новости