Д.Трамп: Өмнөд Африкийн төлөөлөгчдийг G20-ийн уулзалтад урихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-27 11:41:58

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /TASS/. 2026 онд Флорида муж улсад болох “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд түвшний уулзалтад Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ төлөөлөгчдийг урьж оролцуулахгүй байх, мөн тус улсад үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг зогсоохыг даалгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “2026 онд Флоридад болох G20-ийн уулзалтад оролцох урилгыг ӨАБНУ-д илгээхгүй” гэжээ. “Өмнөд Африк дэлхийд өөрийгөө гишүүн болох эрхгүй улс гэдгээ харуулсан тул одооноос бүх санхүүгийн дэмжлэгийг зогсоож байна” гэж Трамп бичсэн байна.


Өмнөд Африкт болсон G20-ийн дээд түвшний уулзалтад АНУ оролцоогүй бөгөөд Д.Трамп тус улсын эрх баригчид “цагаан арьст иргэдийн эрхийг аймшигтайгаар зөрчсөн явдлыг тэвчихгүй” гэж мэдэгдсэн юм. 


АНУ-ын засаг захиргаа G20-ийн дээд хэмжээний уулзалтад ӨАБНУ-ын төлөөлөгчдийг урихгүй байхаар төлөвлөж байгаа тухай CNN телевизээр эх сурвалжуудыг эш татан өмнө нь мэдээлсэн юм. Эх сурвалжуудын ярьснаар, АНУ-ын засаг захиргаа “Өмнөд Африкийн оронд Польшийн өндөр түвшний төлөөлөгчийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа аж”. ӨАБНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Винсент Магвенья CNN-ийн сэтгүүлчдэд хэлэхдээ, Америкийн талын ийм төлөвлөгөөний талаар "таамаг сонссон" гэж мэдэгджээ. “Албан ёсны мэдэгдэл иртэл бид үүнийг зөвхөн цуу яриа гэж үзэх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.


G20-ийн дээд хэмжээний уулзалтад энэ сарын 22, 23-ны өдрүүдэд ӨАБНУ-ын Йоханнесбург хотод болсон билээ. Уг уулзалтад АНУ-аас бусад АНУ-аас бусад G20-ийн бүх улсын төлөөлөгчид оролцсон юм.

 

АНУ ирэх 12 дугаар сарын 1-нээс эхлэн 12 сарын хугацаанд G20-ийг даргалах үүргийг гүйцэтгэнэ. Тус бүлгийн дээд түвшний уулзалтыг ирэх онд Флорида муж улсад зохион байгуулна.

Связанные новости