Перугийн Ерөнхийлөгч асанд 14 жилийн хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛИМА, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /DW/. Перугийн Ерөнхийлөгч асан Мартин Вискаррад мужийн захирагчаар ажиллаж байхдаа авлига авсан хэргээр шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.
Өөрийг нь хэрэгт буруутгаж байгааг үгүйсгэж буй М.Вискарра
бол Перугийн шоронд хоригдохоор болж буй ерөнхийлөгч аснуудын нэг юм. Ерөнхийлөгч
асан Педро Кастилло (2021-2022), Ольянта Хумала (2011-2016), Алехандро Толедо
(2001-2006) нар одоогоор Лима дахь тусгай шоронд хоригдож
байна.
Өдгөө 62 настай М.Вискарра 2011-2014 оны хооронд Мокегуа
мужийн захирагчаар ажиллаж байхдаа барилгын компаниудаас авлига авсан хэрэгт буруутай нь тогтоогджээ. Прокуроруудын мэдэгдсэнээр, тэрбээр тендерт өрсөлдөж буй компаниудад давуу эрх
олгосныхоо хариуд 640 мянга орчим ам.доллар /552 мянган евро/ авсан байна.
М.Вискарра 2018-2020 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх
хугацаандаа авлигын эсрэг тэмцлийг дэмжиж байв. Тэрбээр өөрт нь ял оноосныг "Конгрессыг хянадаг барууны үзэл баримтлалтай улс төрийн бүлгүүдтэй сөргөлдсөний төлөөх шийтгэл болж байна" хэмээн мэдэгджээ.
Улсыг удирдаж байхдаа М.Вискарра эдгээр
бүлэгтэй санал зөрөлдөж, эцэст нь Конгрессыг тарааж байжээ. “Энэ бол шударга ёс
биш, энэ бол өшөө авалт юм. Гэхдээ тэд намайг мохоож чадахгүй” гэж М.Вискарра нийгмийн
сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн байна.
Шүүх лхагва гарагт М.Вискаррад шууд хорих ял оноож, төрийн алба
хашихыг есөн жилээр хоригложээ. Тэрбээр шүүхийн шийдвэрийг давж
заалдахаар төлөвлөж байна.
Ulaanbaatar