“Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Б.Асафьевын хөгжим дээр зохиолч Николай Волков “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийн цомнолыг Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкиний ижил нэртэй найраглалаас сэдэвлэн бүтээжээ. Анх 1823 онд тухайн үеийн Кировын дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Марийнскийн театрт тоглож байв.
Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Гирей хааны тэргүүн татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг.
“Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийг 1956 оны зургадугаар сарын 18-нд Монголын анхны балетмейстер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа анх тавьсан түүхтэй. Энэхүү бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн бүжгэн жүжиг юм. 67 жилийн өмнө бүжгийн жүжгийг тавих үед удирдагчаар ардын жүжигчин, төрийн шагналт Ж.Чулуун, ерөнхий зураачаар ардын зураач Л.Гаваа нар ажиллаж, гол дүрийг Ц.Томой, гавьяат жүжигчин Н.Баатар, Ц.Дашдулам, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Булхүү, Б.Гүрбазар нар бүтээсэн байсан түүхтэй.
Дөрвөн бүлэгт уг бүжгэн жүжгийг энэ сарын 12-нд тайзнаа дахин тоглох бөгөөд гол дүрийг гавьяат жүжигчин Б.Саруул, гоцлооч Х.Галтулга, Э.Эрдэнэжаргал нар амилуулах юм.