УГЗ, угсаатны зүй судлаач М.Амгалангийн уран бүтээлийн үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-11-08 11:24:40

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. "Мандухай сэцэн хатан" түүхэн уран киноны 35 жилийн ойн хүрээнд УГЗ, угсаатны зүй судлаач М.Амгалангийн уран бүтээлийн үзэсгэлэн, баримтат кино, номын нээлт Монгол арт галерейд энэ сарын 11-нд болно.


Энэ үеэр орчин цагийн театр, кино урлагт суралцаж буй залуу үеийнхэнд кино болон хувцасны зураач тухайн киноны өнгө аяс, дүр төрхийг хэрхэн тодорхойлж хувь заяанд нь нөлөөлөх ямар чухал үүрэгтэйг таниулах юм. 


МУУГЗ М.Амгалан "Мандухай сэцэн хатан" киноны хувцасны зураачаар ажилласан бөгөөд тухайн кинонд зориулан хийж байсан эскиз зургуудаар бүтсэн үзэсгэлэнг дэлгэх аж. Мөн угсаатны зүйн салбарт нэн хэрэгцээтэй “Баруун монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс” цомог нийт 9 бүлэг монгол, англи тайлбар бүхий XVIII зууны II хагасаас эхлээд XX зууны 1940-өөд оныг хамарсан номын нээлт болно. 


Энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 17-ныг хүртэл Монгол арт галерейн II давхрын танхимд дэлгэх аж. 


Ташрамд дурдахад, Мишигдоржийн Амгалан /1930-2001/ Ховд аймгийн Манхан сумын нутагт төржээ. Тэрбээр 1954-1963 онд Ховд аймгийн Хөгжимт Драмын театрт зураач, ерөнхий зураач, 1967-1968 онд Ховд аймгийн Урчуудын салбарын эрхлэгч,1982 оноос аймгийн орон нутаг судлах музейн эрхлэгч,1985 оноос Соёлын яамны шийдвэрээр Монгол кино үйлдвэрт уригдан ирж 1991 он хүртэл ерөнхий болон хувцасны зураач, "Мандухай сэцэн хатан" киноны хувцасны зураачаар ажиллажээ.

Связанные новости