Төсөөллөөс давах хэтийдсэн мэдрэмж “Хархорум” хөгжмийн фестиваль

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-07 17:36:00

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Хархорум” нэртэй хөгжмийн фестивалийн талаар өмнө нь сонсож байснаас очиж үзээгүй байв. Хүний амнаас сонсох, нүдээр үзэх хоёр тэс өөр гэдгийг энэ удаа мэдэрлээ. 


Диско хэмнэл дээр шар айраг ууж, коктейль шимэхээс цаашгүй. Ийм яриаг хэн нэгнээс сонсохдоо очих шаардлагагүй мэт. Өөр нэгэн нь “Янзтай гоё үдэшлэг болдог юм. Тэгээд ч өнөөдөр баасан гараг. Очсоныхоо дараа дүгнэлтээ хийгээрэй” гэх. Гэхдээ очиж үзсэн нь зөв болов. Тийм ээ, Монголд гурав дахь удаагаа зохион байгуулсан “Хархорум” визуал арт, хөгжмийн фестивалийн тухай яриад байгаа юм. “Степп Арена”-гийнхан өнгөрсөн жилийн өдийд анх удаа зохион байгуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч, хүлээлт үүсгэсэн. Тиймээс өнгөрсөн зун хоёр дахиа, харин өнгөрсөн баасан гарагт гурав дахь удаагаа зохион байгуулав. Дэлхийн шилдэг DJ нараас гадна Монголын бүхий л шилдгүүд мөрөөдлийн “Мөсөн өргөө”-нд цуглажээ. Үүдээр оронгуут л коктейлээр дайлж байх юм. Төв талбайг тойруулаад том хөшиг татжээ. Монголд уран зургийг дижитал хэлбэрт хөрвүүлж, 360 градусын хэмжээст 180 метр өндөр дэлгэцээр үзүүлэн техно урсгалын орон орны артистуудын хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлэхээр зорьсон нь энэ байж.


Энэхүү фестивалиа Монголын урлаг хийгээд залуусын үдэшлэг, соёлыг шинэ түвшинд хүргэх, уламжлалт хөгжим, урлагийг орчин үетэй хослуулан цаашлаад дэлхий дахинд таниулах гэсэн зорилго, эрмэлзлэлийн дор бэлгэшээж Монголын түүхэн дэх хамгийн том нийслэл хот, дэлхий дахиныг өөртөө даллан дуудаж нэгэн цагт дэлхийн соёл иргэншлийн холбогч байсан Хархорум хотын нэрээр нэрлэсэн ажээ. Уг фестивалийг электро, техно хөгжим сонирхогчдын “Playtime” гэвэл нэг их буруудахгүй. Гол зочин нь техно хөгжмийн хамгийн төлөөллийн нэг Германы алдарт DJ Лэн Фэйк, Украины үзэсгэлэнт бүсгүй, цоглог хэмнэлийг мэдрүүлэгч DJ Настя, Түүнчлэн үзэгчдийг галактикийн аялалд аваачих увдистай, герман гаралтай Испанийн цуут DJ Хоош, электро, техно, хаус урсгалд хүч нөлөө үзүүлэгч Коллектив нар байв. 


Өөрийн өнгө аяс, онцлог бүхий Монголын шилдэг бартендаруудын коктельнуудаас  амталж, шинийг эрэлхийлэгч урлагт хайртай, хөгжмийг таашаагч залуу хүн бүр энэ фестивальд ирсэн гэхэд хилсдэхгүй.


Анх 2022 онд  Монголын уран бүтээлч Ойлан Жанатханы хүйтэн хөндий, зэврүүн мэт боловч цаанаа л сэтгэл татам, энгийн байдлаас гаж гэмээр зургуудад суурилан “Ойлан” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй. Харин хоёр дахь удаагийн фестиваль өнгөрсөн хавар “Сарны хиртэлт” нэртэй болсон билээ. Тэгвэл гурав хоногийн дараа хөшгөө нээх цувралын сэдэв нь “Spirit” буюу “Амин сүнс” байлаа.


Электроник хөгжмийн тоглолтуудыг рэйв, индустриал, чөлөөт үдэшлэг гэх мэт таван хэв маягт хуваадаг. Манай улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой чөлөөт хэв маяг илүү дэлгэрсэн. Харин “Хархорум” фестиваль электроник хөгжмийн рэйв хэв маягийг түгээх зорилготой ажээ. Энэхүү хэв маяг нь тухайн орчны онцлогт тулгуурлан сонсож буй хөгжмөө дотроос нь харж, лазер шоу, визуал дүрслэлээр дамжуулан үзэгчид хөгжимд уусаж буй мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой.


“Хархорум” фестиваль энэ удаа гурван өөр тайзанд өртөөлөн дүрслэх урлагийн биет, хөдөлгөөнт илэрхийлэл бүхий визуал артыг 2000 м.кв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан хүргэж, урлагийн мэдрэмжид бүрэн автах боломж олгох онцлогтой.


Уг фестивалийн талаар “Степп Арена”-гийн ерөнхий менежер Ц.Энхбаяр ярихдаа “Уг фестивалийн гол онцлог нь хүн төрөлхтний хөгжлийн үе шатыг хөгжмийн дүрслэлээр харуулж байгаа юм. Өмнө нь нэг л өдөр үргэлжилдэг байсан бол энэ удаа хоёр өдөр болж байна. Манай шоуг олон улсын тавцанд хийх сонирхолтой хүмүүс бий. Тэд уг шоунд оролцож байгаа юм. Бид зөвхөн Монголдоо бус гадныханд эх орныхоо түүхэн хөгжлийг дүрсжүүлж харуулж буйгаа онцлогтой. Долоо хоногийн хугацаанд бэлтгэл хангасан. Бүх насныхан уг шоуг зорьж ирдэг болсон байна” гэв.


Үнэхээр түүний хэлсэнчлэн нас насны төлөөлөл иржээ. Аливаа арга хэмжээ насны хязгаартай учраас 20-иос дээш насныханд “Хархорум” фестиваль нээлттэй байлаа. Зөвхөн 20, 30 настнууд гэлтгүй 60 насны босго давсан эрхмүүд ч цөөнгүй харагдсан. Тэдний нэг Б.Батсууриас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Хоёр дахь удаагаа зорьж ирлээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон фестиваль надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Тэр үед би санаандгүй байдлаар орж ирсэн. Харин энэ удаа зорьж ирлээ. Залуус намайг хараад гайхаж магадгүй. Гэхдээ энэ хөгжим надад эрч хүч өгдөг. Би бүжиглэх бус хөгжмийн хэмнэлийг нь мэдрэх гэж ирсэн” хэмээн ярилаа.Бууралтсан урт үсээ резинээр боож, цагаан жинсэн өмдөөр гангарсан тэрбээр 65 настай.


Түүнчлэн Монголд амьдардаг гадныхан олноор иржээ. “Хархорум”-ыг зорин ирэгсэд хувцсаа эртнээс бэлддэг бололтой. Элдэв хэв маягаар урласан эрээн мяраан цамц, өвдгийг нь сэглэсэн жийнс, биеийн галбираа гайхуулах торон даашинз, энэ цагийн залуус шүү гэдгээ илтгэх элдэв өнгийн шивээс. Энэ бол уг шоуны чимэг байлаа. Тэдний сонсдог, ойлгодог, мэдэрдэг хөгжим арай өөр түвшинд юм. Арга ч үгүй биз. XXI зуун шүү дээ гэж бодогдов. Ямар ч байсан төсөөллөөс давсан, хэтийдсэн үдэшлэг байлаа. Зургаан цагийн турш залуус цуцахаа үл мэдэн доргино, хэмнэл нэрнэ. Харин тал талаас цугласан DJ нар хамгийн шилдэг сет, лейблүүдээ толилуулж харагдав.


Баасан гарагийн үдэшлэг учраас шар айраг, коктейль гэх мэт градустай “ундаа”-нууд байна. Гэхдээ залуус тохируулж хэрэглэж байгаа нь өнөө цагийн соёлыг илтгэх шиг. Монгол залуус шинэ хөгжмийн урсгалыг мэдэрч чаддаг юм шүү гэсэн санааг энэ удаагийн шоу харуулав.


Эцэст нь, шинэ цагийн хөгжмийн урсгал төсөөлснөөс өөр түвшинд очсоныг “Хархорум” фестивалиас мэдэрснээ нуух юун. Монголчууд ч гэсэн дэлхийн хөгжмийн шинэ урсгалтай хөл нийлүүлэн алхаж явааг уг “Хархорум” мэдрүүлэв. 


Украины үзэсгэлэнт бүсгүй, DJ Настятай уулзаж, цөөн хором ярилцлаа.



-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Настя гэдэг, Би Украины DJ. 18 настайгаасаа дэлхийг тойрон олон улс орноор  аялж байна. Энэ наадамд оролцож байгаадаа маш их баяртай байна.


-Та өмнө нь Монголд ирж байсан уу?

-Үгүй ээ. Би Монголд ирж үзэхийг мөрөөддөг байсан. Монгол бол нуугдсан эрдэнэс юм. Тодорхойлоход хэцүү, хүмүүсийн төсөөлдгөөс тэс өөр улс. Тиймээс би энд ирээд, Монголыг ойлгохын тулд  эндхийн хүмүүс, уур амьсгал, соёл гээд ер нь бүх зүйлийг харах, мэдрэх надад маш сонирхолтой байлаа. Ийм боломж олдсон нь үнэхээр гайхалтай. Мягмар гарагт ирснээсээ хойш хэд хонож байна. Хотоор явж юм үзэж байна. Надад маш их таалагдлаа.


-Та ямар хөтөлбөртэй ирэв дээ, Монголд?

-DJ хүний хувьд хөгжим, үзэгчдээ мэдрэх нь хамгийн чухал. Би тогтсон хөтөлбөртэй байдаггүй. Надад тоглох гэж байгаа аяны жагсаалт байдаггүй. Тухайн орчинд ямар мэдрэмж төрнө тэр мэдрэмжээрээ тоглоно.  Хөгжмийн дугаралт, цугласан залуус, гэрэл гээд бүх зүйлийг тухайн мөчид хэрхэн мэдрэхээс хамаарна. Жижиг зүйл болгон чухал.  Олон хүчин зүйл нэгдэж байж тухайн арга хэмжээний уур амьсгал, эрч хүч бүрддэг. Ямар ч зүйл түүнийг сүйтгэж, эсвэл онцгой болгож чадна. Тиймээс би юу тоглохоо урьдчилж төлөвлөдөггүй. Учир нь тухайн цаг мөч, миний юу мэдэрч байгаа, хүмүүс хэрхэн мэдрэх, үйл явдал хэрхэн өрнөхөөс шалтгаална.


-Цаашдын хөгжлийн талаар электрон хөгжим сонирхогч фэнүүддээ, Монголын электрон хөгжимчдөд юу гэж зөвлөх вэ?

-Миний бодлоор сониуч байх нь их чухал даа. Юмсыг сонирх, хай, бусад уран бүтээлчийг сонс, илүү гүнзгий ухаж, ямар урсгалын хөгжимд дуртайгаа ойлгохыг хичээ. Эцэс төгсгөлгүй нээлт ч юм шиг хөгжмийн үнэхээр гайхалтай олон төрөл, дэд төрөл, урсгалууд байдаг. Электрон хөгжим бол ирээдүй учраас илүү анхаарч, илүү их цаг заваа зориулж, хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна. Зарим DJ, зарим поп одоос илүү том тоглолт хийж байгааг бид харж байна. Тэгэхээр электрон хөгжим сонирхогчид улам нэмэгдэж байна гэсэн үг. Цаашид ч улам нэмэгдэнэ. Одоо, эсвэл хожим, магадгүй хэдэн жилийн дараа электрон хөгжим том соёл болно. Энэ соёлын нэг хэсэг болох анхны хүмүүс болоорой.


-Монголын электрон хөгжим сонирхогчдод хандаж юу хэлэх бол?

-Хамгийн гол нь хөгжмөө сонсож уусах хэрэгтэй. Зүгээр л тайвшир, юу ч бодох хэрэггүй. Таалагдахгүй байгаа хөгжим, хүнээ шүүмжлэх хэрэггүй. Зүгээр л тухайн агшинд нээлттэй сэтгэлгээтэй байгаасай. Хамгийн сайныг нь олж харахыг, ойлгохыг хичээ. Байшингийн гадна байгаа бүх зүйлийг март. Бүх зүйлээ хойш тавиад, байшин доторх электрон хөгжимд уусаж, өөрийгөө мэдэрч, өөрийнхөө дотоод эрч хүчээ гадагшлуулах хэрэгтэй гэж хэлье. Баярлалаа, залуусаа.





Связанные новости