“Монголын их хатадын туульс” 10 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-31 10:15:43

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31/МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид одоогоос 10 жилийн өмнө буюу 2013 онд “Монголын их хатадын туульс” нэртэй түүхэн бүжгэн жүжгээ тайзнаа амилуулж, олны хүртээл болгож байв. Тэгвэл тэд 10 жилийн ойн тоглолтоо ирэх сарын 7, 8-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглохоор болжээ.


Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлсэн энэхүү бүтээл нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө түүхийн тавцанд үлдээсэн гавьяагаараа алдаршсан гайхамшигт хатдын түүхийг үндэсний урлаг, ялангуяа бүжгийн хэлээр үзүүлж буй ач холбогдолтой бүтээл юм. Энэ нь Монголд төдийгүй дэлхий дахинд өөрийн их түүхээрээ бахархах үндэсний томоохон бүтээл болж байгаараа онцлогтой.


10 жилийн ойн тоглолтод Гоо маралын дүрийг 2023 оны Монголын тэргүүн мисс Б.Болор амилуулах бол Алунгоод М.Энхбүрэн, Өэлүнд О.Жавзан, Самарт Ш.Батгэрэл, Чимбайд Б.Мөнхжингоо нар тоглоно. Харин үлдсэн дөрвөн хатны дүрд өөрчлөлт ороогүй аж. Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд, бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, ерөнхий зураач Ц.Энхтуяа, хөгжмийг Төрийн соёрхолт Б.Мөнхболд, хөгжмийн найруулгыг М.Бирваа нар хийжээ.

Связанные новости