Ч.Номин: “Соёлын сэргэлт” аян үндэсний соён гэгээрлийн сэргэлтийн эхлэл болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өрнүүлсэн “Соёлын сэргэлт-2023” аяны хаалтын ажиллагааг Чингис хаан үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа.
Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас энэхүү аяныг 2023 оны 5, 6, 8, 10 дугаар сард зохион байгуулжээ.
Тус аяныг хааж Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Соёлын сэргэлт-2023” аян нийгмийн бүхий л хүрээнд бүс нутаг, засаг захиргааны нэгжид хүрч, үндэсний үнэт зүйлсийг тодорхойлж нэгдмэл ойлголтыг буй болгох, өсөх балчир багачуудаас өтгөс буурлууд хүртэл иргэн бүрийн оролцоог хангах Монголын нийгэмд ус агаар мэт дутагдаж буй соён гэгээрэл, ёс суртахуун, жудаг ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Энэхүү аян зөвхөн соёл урлагийн үйл ажиллагаа төдий бус үндэсний соён гэгээрлийн сэргэлтийн эхлэл болсон гэхэд миний бие эргэлзэхгүй байна. Соён гэгээрэл, соёл урлагийн хөрөнгө оруулалт бол үнэ мөнгөөр хэмжигдэх зүйл биш юм. Хүн төрөлхтөн өнөөдөр хүн төвт тогтвортой хөгжлийг хангах зорилтыг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед бид ч мөн адил хөл нийлүүлэн алхах хэрэгтэй юм. Шинээр дахин сэргээн байгуулагдсан яамны хувьд соёл, урлагийн цогц бодлогыг урт, дунд богино хугацаанд Монголын нийгмийн хөгжлийн амин сүнс хүний хөгжилд чиглүүлэн ажиллахад зорьж байна” гэлээ.
“Соёлын сэргэлт” аян соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх соёлын салбарын ажилтан албан хаагчдыг чадавхжуулах Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр тодотгов.
Тэрбээр хэлэхдээ, “Соёлын сэргэлт-2023” аяныг хэрэгжүүлэхэд дөрвөн зорилт тавьсан. Нэгдүгээрт, Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хоёрдугаарт, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, гуравдугаарт, орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, дөрөвдүгээрт бүх нийтийн соёлын боловсрол буюу орон нутгийн иргэдэд соёл урлагийн чанар, хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэхээр зорьж ажиллалаа. Хагас жилийн хугацаанд 26 харьяа байгууллагынхаа хүчээр нийт төрийн соёлын байгууллагын уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, чөлөөт уран бүтээлчид, гэрэл зурагчид гээд соёлын салбарынхан 1300 хүний багаар 91 мянган км замыг туулж хүрсэн. Энэ нь бодитоор 373 мянган хүнд танхимаар хүрч ажилласан гэсэн үг. Үүний 45 хувь нь хүүхэд, өсвөр үеийнхэн байлаа. Тиймээс энэхүү аяны дөрвөн зорилгыг хэрэгжүүлэх, нэмэгдүүлэх тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байна" гэв.
Мөн тэрбээр, орон нутагт соёлын хүртээмж харьцангуй гайгүй. Сум бүрд соёлын төв үйл ажиллагаа явуулж байна. Харин хүн амын 50 хувь суурьшиж буй нийслэлийн дүүргүүдэд сум, орон нутагтай харьцуулахад соёлын хүртээмж маш хангалтгүй байна. Тухайлбал, 341 мянган хүн амтай СХД-т ганцхан соёлын төв үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл таван аймгийн 20-иод суманд 100-гаад соёлын төвд төрийн соёлын бодлогыг танхимаар зохион байгуулж байна. Тиймээс "Соёлын сэргэлт-2024" аяныг явуулахдаа нийслэл болон 9 дүүрэг рүү хандсан үйл ажиллагааг зохион байгуулна” гэв.
Тус аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сум, 15 тосгонд нийт 1303 соёлын ажилтан, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид нийт 91.531 километр замыг туулж, соён гэгээрүүлэх илтгэл, лекц, соёлын боловсролын хөтөлбөр, чадавхжуулах сургалт, урлагийн тоглолт, үзвэр, үйлчилгээг зохион байгуулж танхимаар 373.048, цахимаар 5.2 сая иргэнд хүрч ажиллажээ.