Үндэсний номын сангийн шинэ байр 12 дугаар сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-25 11:18:11

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил сунжирсаар 10 дахь жилтэйгээ золгосон. Тэгвэл шинэ номын сангийн барилгыг ирэх арванхоёрдугаар сард улсын байнгын ашиглалтад хүлээж авна гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурал дээр хэлжээ.


Тэрбээр Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ оны арванхоёрдугаар сард Үндэсний номын сан нүүх, шилжих боломжтой болно. 2022 онд барилгын ажил хагас жилийн хугацаанд доголдсон. Шалтгаан нь үндсэн барилгын гүйцэтгэгч харамсалтайгаар нас барсан. Одоо шинэ гүйцэтгэгч компани ажиллаж, эрчимтэй барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийт 14 багц тоног төхөөрөмжийн тендер зарлаж, 1-12 дугаар багцыг нийлүүлж, суурилуулж байна. Сүүлийн хоёр багц нь барилгад тавилга нийлүүлэхтэй холбоотой. Одоо худалдан авалтын ажиллагааг зохион байгуулна гэв.


Анх 2008 онд шинэ байрны асуудлыг ярьж эхэлсэн ч түүнээс хойш зургаан жилийн дараа барилгын ажил албан ёсоор эхэлсэн байдаг юм. Гэвч санхүүгийн хүндрэлээс үүдэн зогсонги байдалд орж, улмаар 2017 оноос барилгын ажил эрчимжиж байлаа. 


Связанные новости