Өнөөдөр П.Энхманлай, Д.Саруултөгс нар Токиод хурд хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. Японы нийслэл дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын хөнгөн атлетикийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын тамирчин П.Энхманлай тэргэнцэртэй уралдах 100 метр /T53/, Д.Саруултөгс зээрэнцэг шидэлт /F 41/-ийн төрөлд өрсөлдөнө.
Олон Улсын хэмжээний мастер /ОУХМ/ П.Энхманлай, Д.Саруултөгс нар тэртээ 57 жилийн өмнө буюу 1964 онд "Токио-1964" олимпын наадмыг зохион байгуулж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр шинээр баригдсан Японы Үндэсний /олимпын/ цэнгэлдэх хүрээлэнд хурд хүчээ сорих гэж байна.
Ташрамд дуулгахад, ОУХМ Д.Саруултөгсийн нурууны гэмтэл сэдэрч, багийн эмч, багш дасгалжуулагч нар уг асуудлаар зөвлөлдөн зээрэнцэг шидэлтийн төрлийг өнжихөөр шийдвэрлэж, харин 9 дүгээр сарын 04-ний өдөр болох бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүчээ сорихоор болсон байна.