Мексикийн шинэ Ерөнхийлөгч Мадуротай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /RIA Novosti/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт албан тушаалдаа орсон Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуротай уулзсан байна. Энэ тухай Венесуэлийн удирдагч мэдээлжээ.
Мадуро бямба гарагт болсон Мексикийн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй юм. Венесуэлийн удирдагчийг энэ ёслолд оролцохыг мексикчүүд эсэргүүцсэн учир тэрбээр тангараг өргөх ёслолын дараа шинэ Ерөнхийлөгч албан тушаалдаа орсныг тохиолдуулан Мехико хотын үндэсний ордонд барьсан үдийн зоогт хүрэлцэн очсон байна.
Лопес Обрадор болон түүний гэргий Беатрис Гутьеррестэй хамт авахуулсан зургаа Мадуро “Twitter” дэх хуудастаа нийтэлжээ. “Лопес Обрадор болон түүний гэргийтэй ер бусын уулзалт хийлээ. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шинэ ажлынх нь гараанд Венесуэлийн ард түмнээс амжилт хүсч байна. Мексик улс мандтугай” гэж Мадуро бичжээ.