“Европын холбоо: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Отгонтэнгэр Их Сургууль, ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэн, МУИС-ийн Европ судлалын тэнхим хамтран “Европын холбоо: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулав.
Европын Холбоо нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол дахь иргэний нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, Европын зах зээлд нэвтрэх гол хамтрагч, манай улсын стратегийн гурав дахь хөрш, харилцаа хамтын ажиллагааны итгэлтэй түнш юм. 10 жилийн өмнө батлагдсан “Түншлэл хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн зарчим, заалтуудын хүрээнд харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, агуулга хэлбэр нь баяжсаар байна.
Үүний тод илрэл нь өнгөрсөн онд батлагдсан Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлэх удаан хугацааны зорилтот хөтөлбөр юм. Эдгээр бодлогын болон эрх зүйн баримт бичигт тусгагдсан зорилтууд, үнэт зүйл, үзэл санааны хэрэгжилтийг тал бүрээс нь баримт тооцоо судалгаанд үндэслэн ярилцах, бий болсон нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, цаашдын зорилтыг тодорхойлоход энэхүү олон улсын хурлын зорилго ач холбогдол оршиж байгаа юм.
Тус хурлаар Монгол Улс, Европын Холбооны харилцааны ололт амжилт, туршлага сургамж, сорилт, цаашдын хөгжлийн гарц, шийдлийг хэлэлцсэн бөгөөд Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никейз, ГХЯ-ны Европын газрын дэд захирал Б.Биндэръяа, Отгонтэнгэр Их Сургуулийн захирал Н.Энхзаяа нар нээж үг хэлэв.
Чех, Унгар, Румын, Украин, Англи, Хятад, Япон зэрэг гадаад орны судлаачид илтгэлээ хэлэлцүүлж, хэвлүүлснээс гадна дотоодын судлаачдыг төлөөлж Хүндэт дипломатч, ОТИС-ийн зөвлөх багш, шинжлэх ухааны доктор Г.Төмөрчулуун, ХИС-ийн ОУХС-ийн захирал шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр, Академич Н.Бэгз, Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор, Б.Энхмандах, Япон улсын Киотогийн Их Сургуулийн доктор Э.Энхчимэг болон МУИС, ДХИС, Удирдлагын Академийн багш, эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүллээ.