Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийн үнэлгээ 71 хувьд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Манай улсад Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой
амьжиргаа-3” төсөл сүүлийн 8 жилд сумдын “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС)-гийн
үйл ажиллагааг сайжруулахад чиглэн ажилласан юм. Төсөл энэ оны 12 дугаар сард дуусаж
буйтай холбогдуулан өнгөрсөн хугацааны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн үйл
ажиллагааны дүн, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн туршлага солилцох уулзалт “Новотел”
зочид буудалд гурван өдөр боллоо.
Улсын хэмжээнд нийт 330 сумыг хамарсан төслийн хүрээнд сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн үйл ажиллагааг төлөвлөлт, ил тод байдал, хяналт, шинжилгээ-үнэлгээ, өмчлөл, оролцоо гэсэн 6 бүлгийн 35 үзүүлэлтээр гүйцэтгэлийг үнэлжээ. Ингэхэд эхний жилүүдэд нийт сумын дундаж оноо 32 хувьтай байсан бол энэ жил 71 хувийн гүйцэтгэлтэй гарч оноогоо ахиулсан байна. Нэг ёсондоо Орон нутгийн хөгжлийн сангийн сумдын үнэлгээ 71 хувьд хүрчээ.
ОНХС нь иргэдийн саналд тулгуурлан зарцууладг төсөвтэй бөгөөд үүнийг жил бүр улсын төсөвт тусган, аймаг, сумдад итгэлцүүрээр бодож олгодог юм. 2013 онд анх ОНХС-г байгуулснаас хойш өнгөрсөн хугацаанд нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн санд хуваарилан иргэдийн бодит саналд үндэслэн зарцуулжээ. Энэ онд нийт 298 тэрбум төгрөгийг хуваарилсан байна.
Сангийн
яамны санхүү, төсвийн судалгааны газрын дарга, “Тогтвортой амьжиргаа-3”
төслийн захирал Г.Золбоо:
-Өнгөрсөн хугацаанд бид төсвийн
төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн санхүүгийн механизмыг бүрдүүлж
ажиллалаа. Манай төсөл энэ жилээр дуусаж байгаа учир дээрх үйл ажиллагааг орон
нутгийн удирдлагууд иргэдийнхээ хамт цааш нь бие даан үргэлжлүүлээд явна. Үүнд бид
аль аль талыг сургасан гэв.
ОНХС-гийн үйл ажиллагааг үнэлэх 6 бүлгийн үзүүлэлтийн гүйцэтгэлээр Хэнтийн аймгийн Баян-Овоо, Баянхутаг сум хамгийн өндөр оноо аван сумдыг тэргүүлжээ. Энд иргэдийн дунд аравтын системийг хэрэгжүүлэн иргэдийн оролцоог бүрэн ханган ажиллаж ирснээр сумын төсвийн санхүүжилт, биелэлт, хэрэгжилтэд тэдний санал орхигдоггүй сайн туршлагыг нэвтрүүлжээ.
Өмнө нь бүсчилсэн байдлаар
болдог байсан “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн туршлага солилцох уулзалтыг энэ
удаа нэгдсэн байдлаар зохион байгуулж, 21 аймгийн сумдын 150 төлөөлөл оролцож,
ОНХС-гийн талаараа илтгэлж тавин мэдээллээ солилцлоо.