Ховд Шонхорууд цувралыг 2:0 болгож чадлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн энэ улиралд тэргүүлсэн Ховд Шонхорууд болон IY байраар плей-оффд шалгарсан Сүхбаатар Альянс тех багийн цувралын хоёр дахь тоглолт боллоо.
Цувралын эхний тоглолтод Шонхорууд хожсон юм. Тоглолтын эхнээс Сүхбаатар Альянс Тех баг оноогоор бага зэрэг илүүрхэж явсаар эхний хагасыг 45:39-өөр дуусгасан. Гуравдугаар үед Шонхоруудын Э.Дөлгөөний довтолгоо амжилттай болж түүн дээр ирсэн давхар хамгаалалт бусад тоглогчид оноо авах боломжийг бүрдүүлсэн. О.Доржзовд зөвхөн гуравдугаар үед дөрвөн удаа холын зайн шидэлтийг оновчтой гүйцэтгэсэн.
Улмаар Ховд Шонхорууд гуравдугаар үе дуусахад гурван оноогоор илүүрхсэн юм. Шийдвэрлэх үед ширүүхэн тэмцэл өрнөж эцсийн мөчид Ховд Шонхорууд 82:87-гоор хожлоо. Тус тоглолтод Шонхоруудаас Э.Дөлгөөн 22 оноо, 16 самбар, 6 удаа оновчтой дамжуулж тоглолтын шилдгээр нэрлэгдлээ. Плей-оффын шилдэг дөрвөн багийн дараагийн цуврал тоглолт бямба гарагт болно.