Завханы нутгийн захиргааны байгууллагуудад 3800 гаруй өргөдөл гомдол иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн иргэдээс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт 2018 оны эхний хагас жилд 278 өргөдөл ирүүлж шийдвэрлэлт нь 93.8 хувьтай байна.
Үүнээс хамгийн их нь архи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн 114 өргөдөл ирсэн бол ажил хүссэн болон мөнгөн тусламж хүссэн 71, гэхчлэн газар эзэмших, өмчлөх хүсэлт болон газрын маргааны талаарх өргөдлүүд иржээ. Харин нийгмийн халамжийн хүрээнд болон эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын хүрээнд 20 гаруй өргөдөл иржээ. Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 3860 өргөдөл гомдлыг хүлээн авч 3553 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, 46 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлжээ. Нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94,1 хувьтай байна. Аймгийн ЗДТГ болон, 24 сумын аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад иргэд мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр өргөдөл гомдлыг ирүүлжээ. Мөн аймгийн Засаг дарга болон Тамгын газрын дарга, Орлогч дарга нар долоо хоногийн дөрвөн өдөр хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулздаг байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын иргэдээ сонсох 70461212 утсанд 23 иргэн хандсан байна. Аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар, 24 сумын нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг нээлттэй сонсож хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн