Завхан аймаг БНХАУ-тай хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын баруун болон хойд коридор, аялал жуулчлалын бүсэд багтаж буй газар зүйн давуу байршилтай. Тиймээс БНХАУ-тай аялал жуулчлал, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход хамтран ажиллахаар санал солилцсон тухай Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэв.
Тодруулбал Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох яамны сайд нар 2018 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баруун таван аймгийн Засаг дарга нартай Увс аймагт уулзалт зохион байгуулсан билээ. Айлчлалын хүрээнд хоёр тал албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцсон байна. Мөн мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг баруун аймгуудаас БНХАУ-ын баруун бүс нутаг руу экспортлох, баруун бүсийн аймгууд болон Шиньжян-Уйгурын өөртөө засах орны хооронд жилд нэгээс хоёр удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг саналуудыг тавилаа. Харин баруун таван аймгийн Засаг дарга нар бүс нутгийнхаа онцлог, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах хүсэлтүүдээ уламжилсан юм.
Завхан аймаг мах, махан бүтээгдэхүүний экспорт, аялал
жуулчлалын салбарт хамтран ажиллана гэв
Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан: -“Завхан аймаг бол үзэсгэлэнт сайхан байгальтай, мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүлэх байранд ордог, мал амьтны халдварт өвчингүй бүс нутаг юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улстай хиллэн оршдог. Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын баруун болон хойд коридор, аялал жуулчлалын бүсэд багтаж буй газар зүйн давуу байршилтай. Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Завхан аймагт одоогийн байдлаар Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр авто замууд тавигдаж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд түлхэц үзүүлж буйд баяртай байна. Цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар хэд хэдэн санал байна. Тухайлбал мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах. Мөн дэд бүтцийг хөгжүүлэх, Боловсол, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна" гэлээ.
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И: -“Баруун бүсийн дэд бүтэц, ялангуяа, Завхан, Ховд аймгийн замыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Хоёр орны боомтуудыг сайжруулахад анхаарал тавьж ажиллана. Латин Америкаас бус Монгол улс, тэр дундаа малын өвчингүй баруун аймгуудаас мах импортлоно. Томоохон үйлдвэр байгуулахыг дэмжиж хамтран ажиллана. Түүнчлэн Хятадын засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийг баруун аймгуудын иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад зарцуулна. Монголын ард түмнийг Шиньжян-Уйгурын өөртөө засах оронд суралцах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, аялах зэрэгт дэмжлэг үзүүлэх, хилийн бүс нутагт экспо үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг тус тус дэмжиж буйгаа илэрхийллээ”.
Б.Мягмарсүрэн