Хүлэмжийн ургацын баяраа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьчууд хүлэмжийн тариалалтынхаа ургацын баярыг өнөөдөр хийлээ. Тус аймаг нь газар тариаланг хөгжүүлэх, тариаланчдаа дэмжих, хэрэглэгчдийн хүнсний ногооны хэрэглээний 50-иас доошгүй хувийг орон нутгаасаа хангах зорилготой байгаа юм. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Гёнсанбуг аймагтай хоёр дахь жилдээ газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
Өмнөговь аймаг дахь "Ногоон хэрэм" төслийн хоёрдугаар ойн зурваст хүлэмжийн цогцолбор аж ахуйг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн хөрөнгө оруулалтаар байгуулж өвлийн 2 ширхэг, зуны 5 ширхэг хүлэмжийг байгуулсан юм. Уг хүлэмжинд нийт 2700 мкв талбайд 13 төрлийн хүнсний ногоо, 6 төрлийн үр үржүүлгийн тариалалт буюу чинжүү, гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль зэргийг ургуулан өнөөдөр ургацын баяраа хийлээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 1334 иргэн, 37 аж ахуйн нэгж, 279 га талбайд тариалалт хийж байна. 294 хүлэмжинд хүнсний ногоог тарьж ургуулж байгаа бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тариаланчдаа дэмжих бодлогоор "Зөгийн үүр" хөтөлбөрт 58 тариалан эрхлэгчийг хамруулж, гадаадад туршлага судлах сургалт арга хэмжээнд оролцуулсан байна.
Энэ жишгээр тун удахгүй Өмнөговьчууд хүнсний ногооны хэрэглээнийхээ 50-иас доошгүй хувийг орон нутагтаа тариалдаг болох юм.
Д.Мишигсүрэн