Байгалийн гамшгийн улмаас 3,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-09-04 10:07:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Байгалийн гамшгийн улмаас тус аймагт 3,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарчээ.
Өнгөрсөн долдугаар сард Өмнөговь аймгийн ихэнх нутгаар их хэмжээний бороо орж үер ус гамшгийн хэмжээнд хүрсэн билээ. Байгалийн нөхцөл байдлаас үүдэн аймгийн хэмжээнд гарсан хохирлын улмаас тулгамдаж байгаа асуудлын талаар аймгийн Онцгой комиссын хурал хийж зарим асуудлын талаар авч хэлэлцлээ. Тухайлбал Даланзадгад Баяндалай чиглэлийн хатуу хучилттай авто зам эвдэрсэн, мал үерт урссан, зарим албан байгууллагуудын дээвэр нэвтэрсэн, айлуудын байр сууц үерт автсан, нурсан зэрэг хөрөнгөөр тооцох хохирлоос гадна нөхөж баршгүйгээр хоёр хүний амь эрсдсэн тохиолдол ч гарсан юм. 
Уг хурлаас зарим байгууллагад засвар яаралтай хийх шийдвэр гаргалаа. Үүнд Номгон сумын цэцэрлэг, Даланзадгад сумын 24-р цэцэрлэгийн дээврийн засвар, Цогт-Овоо сумын ЕБС-ийн дотуур байрны засвар, Даланзадгад сумын 8-р цэцэрлэгийн хоолны заалны засварыг яаралтай эхлүүлэхээр болжээ. Мөн Даланзадгад суманд үерийн улмаас үүссэн хөрсний бохирдлыг цэвэрлэх ариутгах ажлыг нэн тэргүүнд хийхээр болсон байна.
Ойрын жилүүдэд орж байгаагүй бороо их хэмжээгээр орсны улмаас аймгийн төв Даланзадгад сумын зарим хэсгүүд хэд хэдэн удаа үерт автсан билээ. Энэ үеэр айлуудын жорлон, бохирын цооногт үерийн ус дүүрч хальж урссан тул хөрс бохирдсон нь халдварт өвчин үүсгэх, тархах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.  

Д.Мишигүсрэн


相关新闻