Ахмадуудтай өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажилтай холбоотойгоор "Ахмадын туршлага" сэдэвтэй уулзалт зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн хэмжээнд ХАА-н салбарт ажиллаж байсан ахмад буурлуудыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон түүний ажлын албаныхан хүлээн авч уулзан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар туршлага судалсан юм. Энэ жилийн хувьд Өмнөговь аймагт урт намар болох төлөвтэй байгаа бөгөөд зун бороо хур муу байсан хэдий ч зуны сүүл сард хур бороо их хэмжээгээр орсон тул намаржилт сайхан байгаа юм. Гэсэн хэдий ч хэт назгайрахгүйгээр өвлийг гарз хохиролгүй өнөтэй давахад ахмад настнуудтай арга туршлагаа хуваалцлаа.
Малчид иргэд хадлан өвсөө сайн бэлтгэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малаа хариулгатай байлгахаас гадна малын шилжилт хөдөлгөөнийг хяналттай байлгах, угаалга туулгалтыг хийлгэх, хашаа хороо худаг усныхаа засвар, ариутгал халдваргүйтгэл, малын бууц хэвтрийг хатаах, хужир шүү бэлтгэх, нөөцлөх улмаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврыг өрх, баг, сумын түвшинд нарийвчлан гаргаж хүргүүлэн хүлээж авч байх хэрэгтэйг ахмадууд онцоллоо.
Уулзалтын үр дүнд телевиз радио хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуврал нэвтрүүлэг бэлтгэж малчид иргэдэд хүргэх, өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлын зөвлөмж албан даалгавар гаргаж уялдаа холбоотой хамтран ажиллахаар боллоо.